Цахим форум, үзэсгэлэнд Дорноговийн “Загсгал” брэнд танилцуулга хийлээ

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Энэ оны зургаадугаар сарын 25-нд эхэлсэн “Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээнд оролцож байгаа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд Дорноговь аймгийн бизнес эрхлэгч “Далт Мөнгөн Шанд” ХХК-ийн захирал Ч.Алтанчимэг оролцлоо.

2009 оноос “Загсгал” цайны үйлдвэрлэлээр эхлүүлсэн үйл ажиллагаа нь одоог хүртэл амжилттай явагдаж буйг тэрбээр мэдээллийн эхэнд онцоллоо. Тус компанийн гол бүтээгдэхүүн “Загсгал” цайг шинэсэрхүү бударгана буюу нутгийнхны загсгал гэж нэрлэдэг, орон нутагт ургадаг ургамлаар хийдэг аж. Хүний эрүүл мэндэд чухал тустай, 100 хувь ургамлаар хийдэг, цайны түүхий эдийг дотооддоо бэлтгэдэг, стандартын шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Одоогийн байдлаар үйлдвэрийн хүчин чадал 100 граммаар савласан, ууталж хайрцагласан цайг өдөрт 600 ширхэг буюу жилдээ 200 мянга орчим цай үйлдвэрлэх хүчин чадалтай, тоног төхөөрөмжтэй. Хот, хөдөөд борлуулалтын 70-аад сувагтай үйл ажиллагаа явуулж байна.

“Загсгал” цай сав баглаа боодлын хувьд дахин боловсруулагддаг, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан уут болон экологид ээлтэй цаасан хайрцагтай савлагаатай гардаг. Тус цайны ач холбогдол нь хүний биеийн дархлааг сайжруулна. Биеэс хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах үйл ажиллагааны системийг дэмжих ач холбогдолтой. Ижил төстэй цай үйлдвэрлэгчдээс эрүүл мэндийн ач холбогдлоороо илүү гэлээ.

“Загсгал цай”-ны чанар Дорноговийн төдийгүй улс хийгээд хилийн чанадад ч танигдсан байна. Мөн даралт бууруулах цай онцгой үйлчилгээтэй. Загийн лавай гэдэг ургамлаар үйлдвэрлэсэн цай нь мөн л хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа аж. Цахим форум www.ExportMongolia.org цахим талбарт  болж байгаа бөгөөд энэ сарын 05-ныг хүртэл үргэлжлэх аж.