“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ 18 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Орон нутгийн Хүнс, газар тариалан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилгоор “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдааг 18 дахь жилдээ зохион байгууллаа.

     Үзэсгэлэн худалдаанд 8 сумын 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл оролцож хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, орон нутгийн онцлогийг илтгэсэн бараа, бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

     Үзэсгэлэн худалдаанд Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, үүрэн холбооны оператор Скайтел, Юнител, Капитрон банк тус тус оролцож иргэдэд нэг дороос шуурхай үйлчилгээ үзүүлж, салбарын үйл ажиллагааг сурталчлан оролцлоо.

    Үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэр, аж ахуйн нэгж, тариалан эрхлэгчдээс тэргүүний шилдэг аж ахуйн нэгжүүдийг 8 номинацаар шалгаруулж шагнаж урамшууллаа.

Шагнагдсан аж ахуйн нэгжүүдийг дурдвал:

- Шилдэг төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгч: Хатанбулаг сумын хилийн 0168 дугаар анги

- Шилдэг тарвас үйлдвэрлэгч: Эрдэнэ сумын иргэн Ү.Амгаланбаатар

- Шилдэг даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: Сайншанд сумын иргэн Ц.Оюунбилэг

- Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр: Даланжаргалан сумын иргэн Д.Эрдэнэчимэг

- Шилдэг сав баглаа боодол: Сайншанд сумын Далт Мөнгөн Шанд ХХК

- Шилдэг өрхийн үйлдвэрлэгч: Сайншанд сумын иргэн Б.Отгонтогтох

- Шилдэг ЖДҮ эрхлэгч: Даланжаргалан сумын Монда урлан ХХК

- Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч: Даланжаргалан сумын иргэн Л.Лувсанпүрэв

- Шилдэг хоршоо нөхөрлөл: Сайншанд сумын Дорнын говийн тариаланчдын холбоо

       Амт чанар, содон сэтгэлгээ, чадвар, хөдөлмөрч байдлаараа тэргүүлж шагнагдсан аж ахуйн нэгж, тариаланчдад болон нийт хамрагдаж буй аж ахуйн нэгж, тариаланч иргэдэд халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.