Мал аж ахуйн салбарын бодлого

Мал аж ахуйн салбарын бодлого

МАА-н салбарын 2017-2020 он хүртэлх хөгжлийн бодлого, стратегийн зорилт:

Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх, хөгжүүлэх, тооноос чанарт шилжүүлэх, мэргэжлийн ажил, үйлчилгээг төлөвшүүлэх, бэлчээрийн төлбөрийн систем бий болгох эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд бодлого чиглэгдэнэ.

Хөгжлийн загвар нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөцийг бүртгэх, үнэлэх, хариу арга хэмжээ авах системийг шинээр бий болгох, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцлийг бүрдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд суурилна.

Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ:

  • Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, шинээр хууль, стратеги, үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулан баталж,  бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах;
  • Малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгууллалттай явуулах, цаашид энэхүү нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, судлан хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо, төлөвшилтийг бүрдүүлэх;
  • Уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлнэ.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулж үйл ажиллагааг нь тогтворжуулах, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих;
  • Газрын харилцаа, үүний дотроос бэлчээрийн газрыг ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг тодорхой болгож, малын хөлийн татвар буюу малын тоонд оногдсон эсхүл малын үнэлгээнд үндэслэсэн татварыг бий болгох;
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, үндсэн хөрөнгийн жилийн дундаж өсөлтийг 1,5 хувьд хүргэх маркетинг, менежментийг хийж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашгийн дундаж түвшинг 10 хувьд хүргэх;
  • Мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцлийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 2020 онд 2016 оны үзүүлэлэлтээс 2,5 хувиар нэмэгдүүлэх;
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглагдаж буй техникийн шинэчлэлийг бодлогоор дэмжиж, 2020 он гэхэд 2016 оны түвшнээс 20,0 хувиар нэмэгдүүлэх;
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг бий болгон мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг хадгалах, хотоос хөдөө рүү шилжих шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх; 
  • Мал аж ахуйн мэргэжилтэн, залуу халааг хөгжүүлэх, мэргэшүүлэх, тасралтгүй сургах, малчин өрхийн бие даан аж ахуй эрхлэх чадавхийг бэхжүүлэх, мэдлэг олгох зайн болон танхимийн сургалтыг явуулах;
  • Монгол малын генийн санг хамгаалах, зохистой ашиглах, тоо нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрч байгаа үүлдэр, омгийн болон гойд ашиг шимт малаас гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, ашиглах үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, Малын удмын сангийн үндэсний цогцолборыг ашиглалтанд оруулах, үйл ажиллагааг төлөвшүүлэх;
  • Малын үржлийн ажил, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, монгол малын тэсвэрт чанарыг бататгах үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, арвин ашиг шимт мал, амьтныг тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих;
  • Жил бүр сувайрч буй хээлтэгч малын нөхөн үйлдвэрлэлээс алдаж буй эдийн засгийн хохирлыг бууруулах, улмаар арилгах
  • Малын бэлчээр, тэжээлийн газрыг эзэмшүүлэх замаар түүний ашиглалтыг сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх Хөдөөгийн усан хангамж, хүрэлцээг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  • Төрөл бүрийн мал, амьтныг эрчимжүүлсэн технологиор төрөлжүүлэн үржүүлэх, бойжуулах, бусад жижиг аж ахуйг үржлийн өсвөр малаар хангах цогцолбор аж ахуйг бүсчлэн хөгжүүлэхийг дэмжих; 
  • Малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, эрүүлжүүлэх, малын өвчлөл, хорогдлын шалтгааныг тогтоох, шуурхай хариу авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэх, аймаг, нийслэлийн албадын чадавхийг сайжруулах
  • Баруун болон төвийн бүс нутагт малын вакцинжуулалтыг эрс багасгаж, эрүүлжүүлэх шинжилгээг явуулах стратегид шилжих, малын эм, био бэлдмэлд хийх сорилт баталгаажилтын чадавхийг сайжруулах, малын эмийн үлдэгдлийг хянах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх 
  • Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг оновчтой, боловсронгуй болгох, түүхий эд, бүтээгдэхүүнд чанараас хамаарсан эдийн засгийн хөшүүрэг бий болгох /тухайлбал, боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн мал, сүүнд улирал, чанараас хамааран урамшуулал олгох, 15 микроноос доош голчтой ноолуурт урамшуулал олгох г.м/, 

МАА-н салбарын 2020-2025 оны хөгжлийн хандлага, стратегийн зорилт:

Бодлого нь мэдлэгт суурилсан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, мэргэжлийн үйлчилгээг төгөлдөршүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ;

Хөгжлийн загвар нь уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурингийн орчимд бүсчилэн хөгжүүлэх, нөөцийг тогтвортой, зохистой ашиглах, ногоон эдийн засгийн чиг баримжааг дэмжихэд суурилна.

Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ:

  • Малын төрөл бүрийн тэжээлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, түүний шимт чанарыг сайжруулах үйл ажиллагааг тогтворжуулах;
  • Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл тайван байдлыг баталгаажуулах арга хэмжээг бүс нутгийн онцлогтой уялдуулан ялгавартайгаар хэрэгжүүлж, баруун болон төвийн бүс нутаг дахь вакцинжуулалтыг эрс багасгаж, эрүүлжүүлэх шинжилгээ хийх стратегид шилжих ба малын эмийн үлдэгдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
  • Бүс нутгийн онцлог, ашиг шимийн чиглэлээс хамаарч малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох;
  • Малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор малын ашиг шимийн чиглэлд нийцүүлэн үржлийн ажлын стратеги төлөвлөгөөний дагуу явуулах;
  • Шинээр болон дахин сэргэж байгаа малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээг бүрэн хангах;
  • Гоц халдварт зарим өвчнөөр тайван бүсийн статусыг хангах, мал эмнэлгийн ажил, үйлчилгээ, тогтолцоог олон улсын жишигт хүргэх;
  • Малын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн зохистой дадлыг  нэвтрүүлж, малын эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх;
  • Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавьж гарал үүсэл,  эрүүл мэндийг баталгаажуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах;
  • Бэлчээр, тэжээл, усан хангамжийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн нэгдсэн системийг бий болгож, мал аж ахуйг уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай болгох; 
  • Малаас гаралтай органик түүхий эд бэлтгэлийн хэмжээ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих

Мал аж ахуйн салбарын 2025-2030 оны хөгжлийн хандлага, хүлээх үр дүн:

Мал аж ахуйн салбарын 2030 он хүртэлх хөгжлийн хандлага нь бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгож  үнэ цэнийн сүлжээг хөгжүүлсэн, тогтвортой үйлдвэрлэлийг явуулахад бодлого чиглэгдэнэ.

Хүлээх үр дүн:

  • Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоогийн түвшнээс буурахгүй ба жилд ойролцоогоор 0,5 хувиар нэмэгдэж 2030 оны түвшинд 22,0 орчим хувьд хүрнэ.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ одоогийн түвшнээс 40 орчим хувиар нэмэгдэх ба үндсэн хөрөнгийн жилийн дундаж өсөлт 5.0 хувьд хүрч, ашгийн дундаж түвшин 20- 25,0 орчим хувьд хүргэнэ.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд мэдлэгийг хэрэглээ болгох чадамжийг бүрдүүлж, судалгаа ба хөгжлийг өргөжүүлснээр “органик үйлдвэрлэл эрхлэгч” болох  өрсөлдөөн, урсгал тэлэгдэнэ.
  • Малын биологийн нөөцийг бүрэн ашиглахад суурилсан биотехнологийн үйлдвэрлэл өргөжиж, улс орны эдийн засгийн орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлж эхлэнэ.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөр хөнгөлөлт, техникийн шинэчлэл одоогийн түвшнээс 30 хүртэл хувиар нэмэгдэнэ.
  • Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах систем төлөвшиж, олон улсад IPO гаргана.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байр төдийлөн буурахгүй хадгалагдах ба хот суурингийн төвлөрөлтөөс зайлсхийж, нийгмийн ая тухтай байдлаа сайжруулан хөдөөд ажиллах сонирхолын нөхцөл бүрдэж, зорилтот зах зээлд чиглэсэн, үр ашигтай “ухаалаг” аж ахуй эрхлэх загварт шилжинэ.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид газар зүйн болон бусад мэдээллийн системийг бүрэн ашиглан холбогдох мэдээллийг өөрсдөө улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд дамжуулах чадавхитай болж, маркетингийн сүлжээний хөгжил, үр ашиг, бүтээмжээр өрсөлдөх болно.
  • Олон улсын худалдааны хориг бүхий малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэх, зооноз, халдварт зарим өвчнөөс мал сүргийг бүрэн эрүүлжүүлж,  гадаад, дотоод зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүсчлэн бүрдүүлнэ.
  • Стратегийн ач холбогдлыг харгалзан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох систем тодорхой хэмжээнд хадгалагдна.  

    Малын үржил-селекци

Мал сүргийн нөхөн үйлдвэрлэл

Сүргийн нөхөн үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулахын гол зорилго нь сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жинг зөв тогтоох, хээлтэгч малыг үржилд олон жил ашиглан жил бүр төл авах замар аль болох их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үржлийн бус эр, сувай малыг сүргийн эргэлтэнд оруулах, нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлэх явдал юм. Хээлтэгч, хээлтүүлэгч малын нөхөн үйлдвэрлэлд малын үүлдэр, ашиг шим, удамшил, тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцөл, хээлтүүлгийн арга технологи, маллагааны зохион байгуулалт их нөлөөтэй байдаг. Жилийн турш бэлчээрийн маллагаанд байдаг монгол малын бэлгийн боловсролт эрт гүйцдэг боловч биеийн бойжилт хожуу гүйцдэг. Малыг үржилд ашиглах хугацаа нь түүний наслалт, нөхөн үржих чадвараа хадгалах байдлаас шалтгаалан нилээд богино байдаг. Малыг үржилд ашиглах хугацаа нь түүний ашиг шимийн хэмжээ, наслалт, үр төлийн чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. 

Мал үржүүлгийн арга 

Мал үржүүлгийн арга гэдэг нь мал, амьтны чанар, ашиг шимийг өөрчлөн сайжруулах зорилтыг шийдвэрлэхийн тулд төрөл, зүйл, үүлдэр, омгийг харгалзан зөв шилж зохистой тохируулан сонгож нийлүүлэх, үржүүлэх үржил селекцийн арга юм. Мал аж ахуйн шинжлэх ухаанд цэвэр үүлдрийн үржүүлэг, удам дагуулан үржүүлэх, эрлийзжүүлэг, эвцэлдүүлэг гэсэн дөрвөн аргыг хэрэглэдэг. 

  1. Цэвэр үүлдрийн үржүүлгийн арга: Нэг зүйл, үүлдэрт багтаж байгаа мал амьтдыг өөр хооронд нь тохируулан сонгож нийлүүлэх аргыг хэлнэ. Цэвэр үүлдрийн малуудыг хооронд нь нийлүүлэх арга одоо байгаа малынхаа үржлийн чанар, ашиг шимийн хэмжээ, чадварыг бататган сайжруулах, цаашид улам нэмэгдүүлэхэд оршино. Энэ аргын биологийн мөн чанар нь тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан малын удамшлын шинж чанар, шинж тэмдгийг үе дамжуулан хүчтэй болгоход чиглэгдсэн байдаг. Тухайлбал: Сүүний чиглэлийн үхрийн үржил селекцийн ажилд малын гарал үүсэл, үнээний сүүлэг чанар, наслалт, саагдах байдал, дэлэнгийн үрэвсэлд тэсвэртэй байх чадвар зэрэг үзүүлэлтийг ихээхэн анхаарч үздэг. Энэ арга нь шилэн сонголт, тохируулан сонголт, удам дагуулан үржүүлэх аргуудаар дамжин хэрэгжиж байдаг. 
  2. Удам дагуулан үржүүлэх: Үржлийн чадвар, ашиг шимээрээ шалгарсан удам үүсгэгч тодорхой хээлтэгч, хээлтүүлэгчээс үүсч гарсан үүлдрийн өвөрмөц чанарыг өөртөө агуулсан хэсэг бүлэг малыг удам гэнэ. Үржлийн чадвар өндөртэй хээлтэгч, хээлтүүлэгч малын үр төл үе дамжин үржсээр эцэг, эхийн удмыг үүсгэнэ. 
  3. Эрлийзжүүлэг: Өөр өөр үүлдэрт хамаарагдах хээлтэгч, хээлтүүлэгч хоёрыг хооронд нь нийлүүлэхийг эрлийзжүүлэг гэнэ. Эрлийзжүүлгийн аргын зорилго нь удамшлын ялгаат байдлыг нэмэгдүүлэн шинж тэмдэг, шинж чанарын хувьслыг дээшлүүлж өгдөг учраас шилэн сонголтыг үр дүнтэй явуулах, гетерозисын үзэгдлийг ашиглах, шинэ үүлдэр гаргах материалыг өргөжүүлж өгдөг. 
    • Үүлдэр гаргах эрлийзжүүлэг: Хоёр ба түүнээс дээш тооны үүлдрийг ашиглан эрлийзжүүлэгт оролцож байгаа эх үүлдрүүдийн сайн чанарыг хослуулсны зэрэгцээ шинэ үнэ цэнэтэй шинж тэмдгүүдийг агуулсан шинэ үүлдрийн мал бий болгохыг хэлнэ. 
    • Цус шингээх эрлийзжүүлэг: Нутгийн бага ашиг шимтэй үүлдэр, тавьсан шаардлага хангасан эрлийз хээлтэгчийн сүргийг хэд хэдэн үе дамжуулан сайжруулагч үүлдэртэй эрлийзжүүлэн өндөр ашиг шимтэй тусгай үүлдэр болгон хувиргах арга юм. Нутгийн үүлдрийг сайжрагч, өндөр ашиг шимт үүлдрийг сайжруулагч гэнэ. Сайжруулагч үүлдрийн үндсэн шинж тэмдгийг сайжрагч үүлдэрт шингээн цэвэр үүлдрийн мал бий болно. в. Цус сэлбэх эрлийзжүүлэг: 
    • Цус сэлбэх эрлийзжүүлэг: Богино хугацаанд цэвэр үржүүлгийн аргаас татгалзан үндсэн үүлдрийн үнэтэй гол шинж тэмдгүүд болон хэвшлийг нь хадгалан уг үүлдэрт доголдож байгаа ганц нэг чанарыг өөр үүлдрээс шингээн засах зорилготой явуулах эрлийзжүүлгийн аргыг хэлнэ. 
    • Хэрэгцээний эрлийзжүүлэг: Хэрэгцээний эрлийзжүүлгийн аргыг малын ашиг шимийг дээшлүүлэхэд онцгой нөлөөтэй тод илэрсэн гетерозис бүхий I үеийн эрлийз малыг гаргаж авахын тулд хэрэглэнэ. 
    • Соливцуулах эрлийзжүүлэг: Үндсэн зорилт нь гетерозисийг дээд зэргээр ашигладгаараа хэрэгцээний эрлийзжүүлгийн гол зорилготой ижил байдаг. Ялгаа нь соливцуулах эрлийзжүүлгийн гетерозисийг бий болгоод зогсохгүй хэд хэдэн үе дамжуулан барьж байдаг. Энэ аргыг 2 үүлдэр оролцсон энгийн, 3 үүлдэр оролцсон төвөгтэй (нийлмэл) соливцуулах эрлийзжүүлэг гэж хуваана. 
  4. Малын эвцэлдүүлэг: Өөр өөр зүйлд хамаарагдах мал, амьтныг хооронд нь нийлүүлэхийг эвцэлдүүлэг гэнэ. Гарсан үр төлийг нь гибрид гэнэ. Эвцэлдүүлгийн гол зорилт бол зэрлэг болон хагас зэрлэг үнэ цэнэтэй шинж тэмдгүүдийг агуулсан шинэ амьтдыг хүний материаллаг хэрэгцээнд татан оруулах, шинэ үүлдрийн мал бий болгох, ховордсон амьтдыг устаж үгүй болохоос сэргийлэх, тэдгээрийн генефондыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн байдаг. 

Мал хээлтүүлгийн арга

Мал хээлтүүлгийн ажлыг зохион байгуулахад нэг талаас хээлтэгч, хээлтүүлэгч малын ороо эрчимтэй явагдах үе, нөгөө талаас гарах төл нь өсч бойжиход хамгийн тохиромжтой улирлыг сонгоход анхаарана. Бэлчээрийн маллагаатай монгол малаас ингэ өвлийн, гүү, үнээ хавар, зуны, хонь, ямаа намрын улиралд нийлүүлэгт орж 3 болон 4 сард төллөхөөр тааруулах нь зүйтэй. Харин эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа нөхцөлд малыг жилийн турш жигд, ээлжээр төллүүлж байхаар хээлтүүлгийн ажлыг зохион байгуулна.

Хээлтүүлгийн аргыг дараах байдлаар ангилна. Үүнд:

  1. Ердийн хээлтүүлэг
  2. Гардан хээлтүүлэг 
  3. Зохиомол хээлтүүлэг

Ердийн хээлтүүлэг: Малчид олон зуун жилийн турш мал маллагаандаа ердийн болон гардан хээлтүүлгийн аргыг өргөн ашиглаж ирсэн юм. Ердийн хээлтүүлгийн үед сүргийн дотор хээлтүүлэгч малыг байнга хамт байлгана.  

Гардан хээлтүүлэг: Гардан хээлтүүлгийн үед ороо нь орсон хээлтэгчийг зогсоолд оруулж бэхлээд юмуу ороотой эх малыг тусгай хашаанд хээлтүүлэгчтэй хамт оруулан тус тус хээлтүүлэгчийг харайлгах аргаар нийлүүлэг явуулна. Энэ аргын давуу тал нь хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог оновчтой хийх, хээлтүүлэгчийг үр бүтээлтэй ашиглах, үржлийн бүртгэл тооцоо хөтлөх, гарсан төлийг гарал, үүслээр нь үнэлэх, мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийх боломжтой болно. Гардан хээлтүүлгийн үед хээлтүүлэгчийг тусад нь малладаг учир туршигч хээлтүүлэгч ашиглан хээлтэгчийн ороог илрүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироог дараах хүснэгтийн дагуу баримжаалан тогтооно.

Зохиомол хээлтүүлэг: Малыг зохиомлоор хээлтүүлэх нь хээлтүүлгийн бусад аргуудаас хамгийн дэвшиттэй арга юм. Зохиомол хээлтүүлгийн арга нь арвин ашиг шимтэй хээлтүүлэгчээс олон тооны төл авах, бусад хээлтүүлгийн аргуудаас олон талаар давуутай. Үүнд: 

  • Урьдаас төлөвлөн шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагддаг. 
  • Арвин ашиг шимт үр төлийн чанараар баталгаажсан хээлтүүлэгч малын үрээр олон тооны эх малыг хээлтүүлэх боломжтой. 
  • Бруцеллёз, лейкоз, сүрьеэ, вибриоз зэрэг олон тооны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 
  • Малын чанарыг богино хугацаанд сайжруулах боломж бүрдүүлдэг. 

Малын тоо толгой