“ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2019 оны 52 дугаар
          тогтоолын хавсралт

“ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН”
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий мэдээлэл

1.1. Тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн

Хүний амьд явах, эрүүл байх нь өдөр тутмын анхдагч хэрэгцээ болсон хүнснээс шууд хамааралтай. Шим тэжээллэг, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр хүн амыг хүртээмжтэй хангах нь улс орон оршин тогтнох, тогтвортой хөгжих тулгуур болно.

Энэхүү цогц асуудлыг хүнсний аюулгүй байдал гэсэн ойлголтын хүрээнд авч үздэг бөгөөд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг хэмээн заасан байдаг. Монгол Улсын Хүнсний тухай хуульд “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ гэж томьёолсон. Иймд хүнсний аюулгүй байдлын тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдлыг бодитой тодорхойлох нь Монгол хүн эрүүл байх нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг баримтлан хүнсний аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын дүн шинжилгээг хүнсний хангамж, хүртээмж, хүнсний илчлэг, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тодорхойлов. Үүнд:

Хүнсний хангамж: Хүн амын хүнсний хангамжийг гол нэрийн бүтээгдэхүүнээр тооцоход 2017 онд дунджаар 61.9 хувьтай байна. Хүнсний хангамжийг улсын түвшинд үнэлдэг “тогтвортой байдал” шалгуур үзүүлэлт  49.3 хувь буюу хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах түвшин 70 хувиас бага, “тэнцвэртэй байдал” шалгуурын гүйцэтгэл 51.1 хувь буюу хүнсний гол нэрийн       8 бүтээгдэхүүний импорт зөвхөн нэг улсаас 30-аас дээш хувиар хамаарсан дүнтэйгээр тус тус хангалтгүй түвшинд байна.

Хүнсний хүртээмж: Үндэсний статистикийн хорооны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар 2017 онд улсын дунджаар мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, гурил, саахар чихрийн зүйл гэсэн  6 нэрийн бүтээгдэхүүний хүртээмж аль ч улиралд хангалттай, дундаж дүнгээр хүнсний хүртээмж зуны улиралд 72.7, сэрүүний улиралд 71.2 хувьтай байна.

Хөдөөд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, ургамлын тосыг, харин хотод гурилан бүтээгдэхүүн, саахар, чихрийн зүйл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, буурцагт ургамал, өндөг, цөцгийн тосыг улсын дунджаас дээгүүр хэрэглэжээ.

Хүнсний илчлэг, шим тэжээл: Үндэсний статистикийн хорооны судалгааны дүнгээс үзэхэд улсын дунджаар жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэг болон үндсэн шимт бодисын хэмжээ зөвлөмж нормтой харьцуулахад аль ч улиралд давсан, харин байршлын хувьд ялгаатай буюу хот, хөдөөд харилцан адилгүй байна.

Хүн амын хоол, тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн         82 хувь Д аминдэмийн дуталтай байгаа нь бүс нутаг, нийгэм эдийн засгийн бүх бүлгийн хүмүүсийг хамарч байна. Мөн хүн амын дунд А амин дэмийн дутлын тархалт “дунд зэрэг”, төмөр, иодын дутал тодорхой түвшинд байсаар байгаа тул олон төрлийн хүнс хэрэглэх, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулахыг зөвлөмж болгосон. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан байна. Хүн амын дундах илүүдэл жин, таргалалт нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах түвшинд хүрсэн тул эрүүл хооллолт, зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, амин дэм, эрдсээр баялаг хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн судалгааны дүнд дурджээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал: Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн тайлангаас үзвэл 2017 онд улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний 13.6 мянган дээжинд хийсэн нянгийн шинжилгээгээр      2.4 хувь нь, 9.6 мянган дээжинд хийсэн химийн шинжилгээгээр 4 хувь нь тус тус бохирдолтой гарчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар 2017 онд илэрсэн нийт 28.2 мянган зөрчлийн 19.2 хувийг ариун цэвэр, эрүүл ахуйн, 13.6 хувийг дотоод хяналтын, 12.6 хувийг хадгалалт, тээвэрлэлтийн,        11 хувийг түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын зөрчил тус  тус эзэлсэн байна. Хоол, хүнсээр дамжих өвчний дэгдэлт 9 удаа бүртгэгдэж,      133 хүн өвчилснөөс 73.7 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Цаашид хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хүнсний сүлжээний бүх шатанд хангахад онцгойлон анхаарч, хүнснээс шалтгаалан хүн амын эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулах шаардлагатай.

Хүнсний аюулгүй байдлыг улсын түвшинд нэгтгэн үнэлэхэд хүнсний илчлэгээс бусад үзүүлэлт хангагдаагүй буюу ерөнхий дүнгээр “хангалтгүй” байна. Иймд хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн тус бүрээр бодит үр дүнд чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

1.2. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Эрх зүйн үндэслэл: Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр тусгасан.

    Практик шаардлага: Засгийн газраас “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн төгсгөлийн шатны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээс үзвэл тус хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт 85.4 хувь, шалгуур үзүүлэлтийн биелэлт дунджаар 74.7 хувьтай байна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд санхүүжилт дутагдалтай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болохыг мөн дурьджээ.
    Хөтөлбөр хэрэгжсэнээр хүнсний салбарын тулгуур хууль болох Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Органик хүнсний тухай хуулиуд батлагдсан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн индекс 2010 оныхоос  төрөл тус бүрээр 19.6-58.2 хувиар өссөн, бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдсэн, саахар, ургамлын тос зэрэг импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүд ашиглалтад орсон, хүн амын хүнсний хангамж харьцангуй тогтворжсон зэрэг эерэг өөрчлөлт, үр дүн гарсан байна. Гэвч хүнсний сүлжээний бүх үе шатанд зохистой дадлуудыг нэвтрүүлэх, хүн амын амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр болдог хүнсний ногоо, өндөг, цөцгийн тос, загас, жимс, ургамлын тосны үйлдвэрлэлтэй холбоотой зорилт, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай, тогтвортой эрхлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх  дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

1.3. Хөтөлбөрийн хамрах хүрээ:

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр нь Засгийн газраас баталсан “Хүнсний ногоо”, “Малын эрүүл мэнд”, “Жимс, жимсгэнэ”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр болон олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй холбогдох төслүүдтэй уялдаж, үндэсний хэмжээнд хэрэгжинэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.2 Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтоор хэрэгжүүлнэ. Үүнд:

     2.2.1. хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх;

     2.2.2. хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хэрэглээг дэмжих;

     2.2.3. хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;

     2.2.4. хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх;

     2.2.5. хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх.

2.3. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.1 Хөтөлбөрийн “Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

     3.1.1. хот, суурин газрын ойролцоо мах болон сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх, боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллахыг бодлого, арга зүйгээр дэмжих;

     3.1.2. хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, тосны ургамал, чихрийн манжинг таримлын сэлгээнд нэвтрүүлэх;

     3.1.3. хүн амын хүнсний хэрэглээний зөвлөмжид шинээр нэмэгдсэн загас, шувууны махны чиглэлийн аж ахуйг дэмжих;

     3.1.4. өндөгний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлан хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих;

     3.1.5. байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал цагаан будаа, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангахад гадаад худалдааны түнш орнуудтай яриа хэлэлцээ хийх;

     3.1.6. дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, тарифын болон тарифын бус зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

     3.1.7. хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэл, тээвэр логистикийн сүлжээ байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих; 

     3.1.8. стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх арга хэмжээг орон нутагт хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулах.

3.2. Хөтөлбөрийн “Хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, зохистой хэрэглээг дэмжих” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

     3.2.1. хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх чиглэлээр “Ээжийн      сонголт-Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнийг өрнүүлэх;

     3.2.2. сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол олгох сургалтын байгууллагын хичээлийн хөтөлбөрт “Хоол, хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ” агуулгыг тусгаж, хэрэгжүүлэх;

     3.2.3. хүнсний бүтээгдэхүүний шошго, хоолны цэсэнд тухайн бүтээгдэхүүний шим тэжээлийн үзүүлэлтийг тусгаж хэвшүүлэх;

     3.2.4. хүнсний бодит хэрэглээний судалгааг улирлаар бүсчлэн хийж, зөвлөмж боловсруулах;
     3.2.5. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлагыг тогтоож, 4 жил тутамд шинэчлэх;

     3.2.6. цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны жор, орцын зохистой харьцааг хүн амын физиологийн зөвлөмж хэмжээтэй уялдуулан тогтоож, мөрдөх;

     3.2.7. эрүүл мэндийг дэмжих үйлчлэлтэй хүнсний дотоодын үйлдвэрлэлийг гадаад улс, олон улсын байгууллагын хөтөлбөр, төсөлд хамруулах замаар дэмжих;

     3.2.8. сахар чихрийн зүйл, транс тос, давсны агууламж өндөртэй бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглээг бууруулах арга хэмжээ авах;

     3.2.9. хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих “Монгол үндэстний хоол” төсөл боловсруулж хэрэгжүүлэх.

3.3. Хөтөлбөрийн “Хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

    3.3.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн цахим бүртгэлийг боловсронгуй болгох;

     3.3.2. хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах, ул мөрийг мөрдөн тогтоох мэдээллийн цахим сан бий болгох;

     3.3.3. ургамал хамгааллын бодис, бордоо, малын эмийн чанар, аюулгүй байдал, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах;

     3.3.4. хүнсний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн (GAP), хүнсний сүлжээнд эрүүл ахуйн (GHP), хүнсний боловсруулах салбарт үйлдвэрлэлийн (GMP) зохистой дадлыг нэвтрүүлж, баталгаажуулах;

     3.3.5. улс, орон нутгийн түвшний хүнсний аюулгүй байдлын лабораториудын чадавхыг сайжруулах, итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, олон улсын итгэмжлэлд хамруулах;

     3.3.6. хүнсний үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулах, бэхжүүлэхэд нь санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

     3.3.7. хүнсний салбарын техникийн зохицуулалт, үндэсний стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах, олон улс, бүс нутгийн стандартыг нутагшуулах;

     3.3.8. Кодексийн үндэсний зөвлөлийг чадавхжуулах, Олон улсын Хүнсний хууль эрх зүйн хороотой хамтран тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх;

     3.3.9. хүнсний зориулалтын сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэл,  импортын кластер байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих;

     3.3.10. импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хорио цээр, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах;

     3.3.11. хүнсний зориулалтын тээврийн хэрэгсэл болон агуулахын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох санхүүгийн механизмыг бүрдүүлэх;

     3.3.12. хүнсний худалдааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

     3.3.13. мал төхөөрөх үйлдвэрлэл эрхлэх асуудлыг аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлөөр зохицуулах асуудлыг судлаж шийдвэрлэх;

     3.3.14. хоол, хүнсээр дамжих өвчний дэгдэлтийн шалтгааныг нарийвчлан тогтоож бүртгэх, эмнэлэгт хандаагүй тохиолдлыг тандан судлах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх;

     3.3.15. хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал нэвтрүүлгийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран бэлтгэж тогтмол хүргэх;

     3.3.16. хүнсний хаягдал, хорогдлын судалгааг хийж, түүнийг бууруулах, дахин ашиглах арга замыг тодорхойлж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлан таниулах.

3.4. Хөтөлбөрийн “Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

     3.4.1. худалдааны түнш орон, бүс нутагтай байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрт тухайн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн экспортлох тарифын хөнгөлөлттэй нөхцөлийг тусгах;

     3.4.2. худалдааны түнш орнуудтай байгуулсан мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хэлэлцээрийг хянан үзэх, шинэчлэх, шинээр байгуулах;

     3.4.3. хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

     3.4.4. Экспортын баримжаатай хүнсний боловсруулах салбарт технологийн шинэчлэл хийх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх чиглэлээр хөрөнгө  оруулалтын сан байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих;

     3.4.5. экспортлох боломжтой хүнсний нэр, төрлийг тодорхойлох, үйлдвэрлэлийг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар тэргүүн ээлжинд дэмжих механизмыг бүрдүүлэх;

     3.4.6. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах дотоодод үйлдвэрлэсэн хүнсний нэр, төрлийг нэмэгдүүлэх;

     3.4.7. Монгол Улсын хүнсний экспортыг “өндөр үнээр, цөөн тоогоор” стратегийн хүрээнд хэрэгжүүлэх;

     3.4.8. газар зүйн заалттай хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, экспортыг гадаад улс, олон улсын байгууллагын хөтөлбөр, төсөлд хамруулж дэмжих;
     3.4.9. органик мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр “Органик Монгол хүнс” төслийг хэрэгжүүлэх;

     3.4.10. байгалийн ургамал болон ойн дагалдах баялгийг нөөц, даацын судалгаанд үндэслэн ашиглаж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ургамлыг тарималжуулан үйлдвэрлэлийн тогтвортой нөөц бүрдүүлэх;

     3.4.11. органик газар тариалан, мал аж ахуй эрхлэх бүсийг тогтоох, “Органик сум” хөдөлгөөнийг өрнүүлэх, “Органик ирээдүй” олон улсын арга хэмжээг зохион байгуулах.

3.5. Хөтөлбөрийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

     3.5.1. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх санал боловсруулах;

     3.5.2. хүнсний салбарт инноваци, шинэ технологи нутагшуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үүрэгтэй Судалгаа хөгжлийн төвийг байгуулах асуудлыг судлах;

     3.5.3. хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх;

     3.5.4. хүнсний сорилт, чанар, аюулгүй байдлын итгэмжлэгдсэн лабораториудын сүлжээг бэхжүүлэх;

     3.5.5. хүнсний салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүнсний сүлжээнд зохистой дадлын сургалт зохион байгуулах зэрэг төрийн чиг үүргийг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургуульд шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх;

     3.5.6. “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт”-д хүнсний салбарын мэргэжлийг шинэчлэн тусгах;

     3.5.7. хүнсний салбарт эрэлт өндөртэй мэргэжлийг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтад хамруулах, тэргүүний оюутнуудад тэтгэлэг олгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх;

     3.5.8. Монгол Улс хүнс экспортлогч гүрэн болох стратегийн хүрээнд хүнсний салбарын мэргэжил сурталчлах өдөрлөгийг жил бүр зохион байгуулж хэвших;

     3.5.9. хүнсний боловсруулах салбарын нарийн мэргэжлийн ажилтныг гадаад улсын ахисан шатны сургалтад тогтмол хамруулах механизмыг бүрдүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд бий болох үр нөлөөг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

     4.1.1. Эдийн засагт үзүүлэх үр нөлөө: Орон нутгийн хөдөө аж ахуйн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчид, ногоочдын орлого нэмэгдэнэ. Эрчимжсэн аж ахуй болон боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэнээр түүхий эд нийлүүлэлтийн улирлын хамаарал буурч, боловсруулах үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрдэнэ. Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр хүнсний бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ, орлого нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ;

     4.1.2. Нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөө: Хүн амын хүнсний хэрэгцээнд гарал үүслийн баталгаатай, аюулгүй байдлын шаардлага хангасан, шим тэжээллэг бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ. Хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчийн мэдлэг сайжирч хүнснээс шалтгаалсан хордлого гарах эрсдэлийг бууруулснаар халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нөхцөл, боломж бүрдэнэ;

     4.1.3. Байгаль орчинд үзүүлэх үр нөлөө: Хөдөө аж ахуйн салбарт зохистой дадлыг нэвтрүүлэх, химийн бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх тул хүнс, хөдөө аж ахуйн салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна.

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг дараахь байдлаар тодорхойлов. Үүнд:

     4.2.1. хүн амын хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдал хангагдсан байна;

     4.2.2. хүнсний шим тэжээллэг чанар сайжирсан байна;

     4.2.3. хүнсний сүлжээний бүх шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдсан байна;

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин (2017)

Хүрэх

түвшин

(2023)

1.

Хүнсний хангамжийн тогтвортой байдал

хувь

49.3

70.0

2.

Хүнсний хангамжийн тэнцвэрт байдал

хувь

51.1

30.0

3.

Хүнсний хүртээмж

хувь

71.9

80.0

4.

Хүнснээс авах илчлэг

ккал

3065.9

Зөвлөмж хэмжээнд

5.

Баяжуулсан хүнсний нэр, төрөл

мян.тн

1

3

6.

Хэрэглэгчдэд зориулсан нэвтрүүлэг, аян

тоо

0

3

7.

Хүнсний бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лаборатори

тоо

91

120

8.

Хоол, хүнсээр дамжих өвчний дэгдэлт

удаа

9

Тогтвортой буурсан байх

9.

Олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын түвшинд хүрсэн үндэсний стандарт

хувь

36.8

50.0

10.

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэр

тоо

7

Жилд 1-ээс доошгүй

11.

Баталгаажсан органик хүнсний нэр төрөл

тоо

0

3

12.

Хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспортын дүн

сая ам.доллар

22.9

100.0

13.

Хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан

сан

0

1

   

4.2.4. хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадвар дээшилж, экспортын баримжаатай хөгжих нөхцөл бүрдсэн байна;

     4.2.5. хүнсний экспортын хэмжээ нэмэгдсэн байна;

     4.2.6. хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бий болсон байна;

     4.2.7. хоол хүнснээс хамааралтай хордлого, өвчлөл буурна.

4.3. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр тодорхойлно:

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн
         эх үүсвэр, удирдлага,зохион байгуулалт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:

     5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

     5.1.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

     5.1.3. гадаадын хөрөнгө оруулалт;

     5.1.4. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;

     5.1.5. хувийн хэвшил болон бусад эх үүсвэр.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зохион байгуулна.

5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр нэгтгэн тооцож, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл болон Засгийн газарт тайлагнаж ажиллана.

5.4. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” дэд хөтөлбөрийг баталж, санхүүжилтийг шийдвэрлэн, хэрэгжилтэд нь хяналт тавина.

5.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр сард хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн
             хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр зохион байгуулж, тайланг холбогдох журмын дагуу тогтоосон хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулна.

 

-----o0o-----

 

# Файлын нэр Тайлбар
1 Эрүүл Хүнс - ЭМХ-үндэсний-хөтөлбөр.docx