Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

сайдын 2021 оны 9 дүгээр сарын 14-ны

өдрийн А-254 дүгээр тушаалын хавсралт

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ,

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд шаардлагатай цахим мэдээллийн сан (цаашид Мэдээллийн сан гэх)-г бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, хадгалах, үйлчилгээ үзүүлэх харилцаанд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Мэдээллийн санг эрхлэх, тасралтгүй хэвийн ажиллагааг хангах тухай бүр хөгжүүлэлт, баяжилт хийх үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “Байгууллага” гэх) хүлээнэ.

1.3.Мэдээллийн санд энэхүү журмаар зохицуулагдах мэдээллийг оруулах, өөрчлөх, устгах, хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах ажилтныг (цаашид “эрх бүхий ажилтан” гэх) Байгууллагын дарга томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

1.4.Мэдээллийн сангийн програм хангамж, техник технологи мэдээлэл нь Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдсан байна.

1.5.Мэдээллийн сангийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байна.

1.6.Мэдээллийн санг байршуулах, хадгалах, нийтэд хүртээмжтэй болгох үйл ажиллагаанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг баримтлан ажиллана.

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРДЭЛ

2.1.Мэдээллийн сан нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах харилцааг зохицуулна. Үүнд:

2.1.1.Дэвшилтэт техник, технологи болон тоног төхөөрөмжийн талаарх танилцуулга, зах зээлийн судалгаа;

2.1.2.Гадаад улс орнуудын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлого; 2.1.3.Салбарын судалгаа, шинжилгээ, ном, товхимол, оюуны өмчөөр батаалгаажсан бүтээл;

2.1.4.Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гадаад, дотоодын сургалтын мэдээлэл;

ГУРАВ. МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ

3.1.Мэдээллийн санг холбогдох хууль тогтоомж, төрийн болон бусад байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ.

3.2.Мэдээллийн /цахим/ санг бүрдүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

3.1.1.Мэдээллийн нэгдмэл байдлыг хангах;

3.2.2.Мэдээг нэгдсэн загвар, маягтад оруулах;

3.2.3.Мэдээний хандалт, түгээлтийг хялбарчлах;

3.2.4.Давхардлыг арилгах;

3.2.5.Хэрэглэгч ашиглахад энгийн, хялбар болгох;

3.2.6.Мэдээний чанарыг баталгаатай болгох;

3.2.7.Мэдээллийг тэгш хүртээмжтэй тогтвортойгоор түгээх;

3.2.8.Мэдээллийн сан бүрдүүлэлтийг тасралтгүй байдлыг хангах;

3.3.Байгууллага нь  мэдээллийн санд тухай бүр баяжилт хийн шинэчлэх бөгөөд бусад эх үүсвэртэй тулган шалгах, баталгаажуулах, шинэчлэх зорилгоор холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

3.4.Мэдээллийн үнэн, зөв байдлыг байгууллага хариуцна.

3.5.Байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг шаардлагатай мэдээллээр тухай бүрд нь хангаж, хагас, бүтэн жилээр тайлагнах үүрэгтэй.

3.6.Аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан ажилтан нь журмын 2.1-д заасан мэдээллийг улирал тутамд шинэчлэн байгууллагад ирүүлэх үүрэгтэй.

3.7.Мэдээллийн сан бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үйл ажиллагаанд  бүх шатны төрийн байгууллага дэмжлэг үзүүлэн шаардлагатай мэдээллээр үнэ төлбөргүй хангана.

3.8.Мэдээллийн санд мэдээлэл байршуулахдаа эх сурвалжийг нь заасан байна.

3.9.Иргэн, хуулийн этгээд нь мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээ, тоо баримт болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах бол хүсэлтээ холбогдох баримтын хамт байгууллагад бичгээр гаргана.

3.10.Мэдээллийн санд мэдээлэл байрлуулах, шинэчлэх, өөрчлөх, устгах эрхийг албан ёсны эх сурвалжийг үндэслэн зөвхөн эрх бүхий ажилтан эзэмшинэ.

3.11.Эрх бүхий ажилтан нь албан ёсны эх сурвалжийг үндэслэн мэдээлэл байрлуулах, шинэчлэх, өөрчлөхдөө цахим хуудсанд гэмтэл, саатал учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

3.12.Мэдээлэл нь нэрээр, агуулгаар, цаг хугацаагаар, эх үүсвэрээр, хэрэгжилтээр, байршил /газрын нэр, координат/-аар бүртгэгдсэн байна.

3.13.Мэдээллийн санд хийсэн өөрчлөлтийн талаар бүртгэл, тайланг эрх бүхий ажилтан тухай бүрд  хөтөлнө.

3.14.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг санаатай болон санамсаргүйгээр алдагдуулах, хуулийн этгээдийн нууцтай холбоотой мэдээллийг задруулах, мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, бусдад дамжуулах, худалдаалахыг хориглоно.

3.15.Мэдээллийн сан хариуцсан эрх бүхий ажилтан мэдээллийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд хяналт тавина.

3.16.Мэдээллийн сангийн компьютер, түүнтэй сүлжээгээр холбогдох бусад компьютер, тэдгээрийг дагалдах техник хэрэгсэл, программ хангамжийг засварлах, шинээр эд анги суурилуулах, өөрчлөх болон шаардлагатай бусад үйлчилгээг хийхдээ зөвхөн мэдээллийн цахим сан хариуцсан эрх бүхий ажилтны хяналтын дор гүйцэтгэнэ.

3.17.Байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалах зорилгоор мэдээллийн санд байгаа өгөгдөл, мэдээллийг жил бүр хувилж, аюулгүй байдлын болон техникийн шаардлага хангасан газарт хадгална.

3.18.Мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох зардлыг байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.

ДӨРӨВ. МЭДЭЭЛЛИЙН САНГААР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

4.1.Мэдээллийн сан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагыг холбох цахим хөтөчтэй байна.

4.2.Байгууллага нь албан ёсны цахим хуудсыг үүсгэж, энэхүү журамд заасан мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулж, олон нийтэд түгээнэ.

4.3.Эрх бүхий ажилтан нь албан ёсны эх сурвалжийг үндэслэн мэдээллийг цахим хэлбэрт оруулан, татаж авах боломжтой, ойлгомжтой байдлаар цахим хуудсанд байршуулна.

4.4.Мэдээллийг видео, аудио хэлбэрээр цахим хуудсанд байрлуулж  болно.

4.5.Байгууллага нь хуульд заасан мэдээллийг цахим хуудаснаас иргэн, хуулийн этгээд ойлгомжтой байдлаар шууд, саадгүй авах боломжийг бүрдүүлж, тасралтгүй хэвийн ажиллуулах нөхцөлийг дэвшилтэт технологитой уялдуулан байнга хөгжүүлнэ.

4.6.Иргэн, хуулийн этгээд нь цахим хуудсанд байршуулсан мэдээллийг хууль бусаар ашиглахыг хориглоно.

ТАВ. ХАРИУЦЛАГА

5.1.Энэ журмыг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.