Журам батлах тухай /Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих журам/

МАЛЫН ҮНДЭСНИЙ ГЕНИЙН САНД ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БАЙРШУУЛАХ, БҮРТГЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүнийг байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг генийн санд байршуулах зорилго нь үндэсний үүлдэр, омгийн мал устаж, мөхөх, тоо толгой цөөрөх, үүлдэрлэг байдал алдагдах эрсдэлээс сэргийлэн тэдгээрийн дээж, сорьц, цуглуулга, цувралыг хадгалах, Монгол Улсад үржүүлж буй мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглахад оршино.

                                         Хоёр.Хамрах хүрээ

2.1.Малын генетик нөөцийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулахад энэхүү журам үйлчилнэ.

2.2.Малын үржүүлгийн бүтээгдэхүүнд малын удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр, хөврөл, сорьц болон бусад бүрэлдэхүүн хамаарах бөгөөд энэхүү журмын зохицуулалтад зөвхөн -196°С -ын шингэн азотонд гүн хөлдөөж хадгалах үржүүлгийн бүтээгдэхүүн хамаарна.

2.3.Гүн хөлдөөсөн /криотехнологийн/ бусад нөхцөл, техникийг шаардсан үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалахдаа шинжлэх ухаан, технологийн аргачлал, стандартыг мөрдлөг болгоно.

Гурав.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг бүртгэх, генийн санд байршуулах, хадгалах, баяжуулах, батлагдсан үржүүлгийн хөтөлбөрийн дагуу ашиглах, үр дүнд хяналт тавих чиг үүргийг үндэсний хэмжээнд малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа төрийн үйлчилгээний байгууллага хариуцна.

3.2.Энэ журмын 2.1-д заасан эрх бүхий этгээд нь үржүүлгийн бүтээгдэхүүнийг шинээр бэлтгэх, байршуулах, хадгалах, байр, байгууламж, сав, тоног төхөөрөмжийн ариун цэвэр, эрүүл ахуй, биоаюулгүй байдлын стандартын шаардлагыг хангах үүрэг хүлээх ба бэлтгэсэн үржүүлгийн бүтээгдэхүүнийг үндэсний генийн санд байршуулах тохиолдолд энэ журмын 3.1-д заасан байгууллагад хүсэлт гаргаж, гэрээ байгуулна.

3.3.Энэ журмын 3.1-д заасан эрх бүхий байгуулага нь үржүүлгийн бүтээгдэхүүнийг шинээр бэлтгэх, ичээх, гүн хөлдөөх, үнэлэх, генийн санд байршуулах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх чиглэлээр мэргэшсэн удирдлага, хяналттай мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллах ба үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих өдөр тутмын үйл ажиллагааг болон Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.2, 5.3 дахь зүйлд заасан чиг үүргийн хариуцан хэрэгжүүлнэ.

3.4.Энэ журмын 3.2-д заасан хүсэлтэд үржүүлгийн бүтээгдэхүүн буюу генетик материалын дээж, сорьцыг бэлтгэсэн арга зүйн нэршил, хэт хөргөлтөөс хамгаалсан криопротекторын /бодис/ талаар заавал дурьдах ба дээж, сорьцын ариун байдлын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэсэн тухай гэрчилгээг хавсаргана.

3.5.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг үндэсний генийн санд байршуулах хүсэлтийн маягтыг энэ журмын 3.1-д заасан байгууллагын удирдах албан тушаалтан батална.

3.6.Хүсэлтийг үндэслэн талууд гэрээ байгуулж, үржүүлгийн бүтээгдэхүүн хадгалах хугацаа, төлбөрийн хэмжээг тогтооно.

3.7.Гэрээнд үржүүлгийн бүтээгдэхүүнийг генийн санд байршуулж, технологийн дагуу хадгалах үүрэг хүлээсэн тал сорьц, дээжийг хадгалах нөхцөл, хадгалалтын нэгжийн дугаарыг заавал дурьдана.

3.9.Үржүүлгийн бүтээгдэхүүний хадгалалтын явцын чанарыг шалгах хугацаа, аргачлалыг талууд гэрээндээ нарийвчлан заана.

Дөрөв.Генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, хадгалах

4.1.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг үндэсний генийн санд байршуулахдаа зориулалтыг харгалзан дор дурьдснаар ангилж, тухайлсан нэгж, хэсгийн зориулалтын шингэн азотын саванд /Дьюар сав, танк/ холбогдох шошго, тэмдэглэгээ, бүртгэл хийж хадгална.Үүнд:

            4.1.1.хадгалах зориулалттай баталгаажсан үндэсний бүх үүлдэр, омгийн малын үржүүлгийн цөм бүтээгдэхүүн;

           4.1.2.хадгалах зориулалттай, тоо толгой нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрсэн үүлдэр, омгийн малын үржүүлгийн цөм бүтээгдэхүүн;

            4.1.3.хадгалах зориулалттай, Монгол Улсаас гадаадад гаргасан үржүүлгийн бүтээгдэхүүний ижил хувийн дээж, сорьц;

           4.1.4. хадгалах зориулалттай, гадаад улсаас авч Монгол Улсад ашигласан үржүүлгийн бүтээгдэхүүний ижил хувийн дээж, сорьц;

           4.1.5.ашиглах зориулалттай дотооддоо үйлдвэрлэсэн үржүүлгийн бүтээгдэхүүн;

           4.1.6.ашиглах зориулалттай гадаад улсаас авсан үржүүлгийн бүтээгдэхүүн;

            4.1.7.бусад байгууллага, иргэдээс байнга болон түр хугацаагаар хадгалуулсан үржүүлгийн бүтээгдэхүүн

4.2.Үндэсний генийн сангийн түр болон байнгын хадгалалтын нэгжийг дараах хэсэгтэйгээр зохион байгуулна:

            4.2.1.хорио цээр, туршилт, хяналтын хэсэг

            4.2.2.хадгалалтын хэсэг

            4.2.3.ашиглалтын хэсэг

4.3.Гадаад улсаас авчирсан үржүүлгийн бүтээгдэхүүнийг технологийн болон малын төрөл, зүйл, ашиг шимийн чиглэлээс нь хамааран генийн сангийн зохион байгуулалтын хэсэгт хуваарилан байршуулна.

 4.4.Гадаад улсад үржүүлгийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.

 4.5.Тоо толгой цөөрч, удмын сан нь алдагдах байдалд орсон төрөл, зүйлийн удамшлын ялгаа бүхий хээлтүүлэгчээс дор дурьдах тоо, хэмжээгээр үр авч, 4 баллаас дээш үнэлгээтэй, чанарын шаардлага хангасан тунг гүн хөлдөөх технологийн дагуу бэлтгэж, үндэсний генийн санд байршуулж, хадгална:

- бод малын 5 толгой хээлтүүлэгч тутмаас 500 тун үр;

- бог малын 5 толгой хээлтүүлэгч тутмаас 500 тун үр;

4.6.Олон Улсын эталон ашиглан үнэлсэн үнэлгээгээр хэлбэр зүй, хөгжлийн хувьд маш сайн, сайн үнэлгээтэй эхний шатны /бластоцитын/ хөгжилтэй 35 ба түүнээс дээш тооны хөврөлийг бэлтгэж, үндэсний генийн санд байршуулж, хадгална.

4.7.Мал, амьтны үр, хөврөлийг -1960С-ийн шингэн азот бүхий зориулалтын Дьюар сав, танк зэрэгт 100 жил хүртэл , мал, амьтны удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ зэргийг стандартаар тогтоосон тусгай нөхцөлд 25 жил хүртэл, хугацаагаар хадгалж болох ба шаардлагатай тохиолдолд хадгалалтын явцын үнэлгээг хийнэ.

4.8.Үндэсний генийн санд метафазийн II шатны хөгжилтэй өндгөн эс, биеийн эсийг 4 хүртэлх жилийн хугацаагаар, цэвэршил сайтай ДНХ, РНХ, биеийн эсийн биопси, сорьцыг -200С, -800С, -1960С-т хуурай хэлбэрт оруулан богино болон урт хугацаагаар тус тус хадгалах боломжтой.

4.9.Үржүүлгийн бүтээгдэхүүнтэй өрөөний хэмд хадгалах хугацааг уртасгах, тэдгээртэй шууд харьцаж, дээж, сорьцоос биобанк үүсгэхэд түүний нуклейн хүчлийг фермент, исэлдүүлэгч бодис, хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалж, эсийн мембраныг задлах, уургийг денатуратжуулах, тогтворжуулах, бактери болон бусад бичил биетний өсөлтөөс сэргийлэх зориулалттай өндөр түвшний технологийн тусгай системийг ашиглаж болно.

4.10.Үржүүлгийн бүтээгдэхүүн тус бүрийн хадгалах нөхцөл, аргачлалыг тухайлсан стандартаар тогтооно.

4.11.Үржлийн бүтээгдэхүүнийг байршуулах, шилжүүлэхдээ бактерицидийн ламп бүхий хорио цээрийн хаалттай горимоор ажиллах байранд технологийн зааврын дагуу цельсийн -196 градусын шингэн азоттой бортгонд босоогоор нь хадгална.

4.12.Үржлийн бүтээгдэхүүний цуврал бүрд гүн хөлдөөснөөс хойш 28 хоногийн дотор каринтинд байх хугацаанд бруцеллёз, вибриоз, трихомоноз, сүрьеэ, лейкоз өвчний шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж, эрүүл болохыг нь баталгаажсаны дараа генийн санд хүлээн авна.

4.13.Шинээр үржлийн бүтээгдэхүүнийг генийн санд байршуулахдаа танк тус бүрийг тусгай тэмдэглэгээр дугаарлан тухайн үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн /он, сар, өдөр/-ийг тэмдэглэж бортгонд байршуулна. Цаашид 6 сар тутам үнэлгээ өгч бүртгэлд бичнэ.

4.14.Хадгалах танк, контейнер савны дотрыг хагас жил тутам эталоноор ариутгаж, ашигтай өндрийн гуравны хоёроос доошгүй түвшинд шингэн азотоор дүүргэнэ. Азотын түвшинг сар бүр шалгана.

4.15.Шингэн азотын сав (Дъюарын сав)-ны тагийг битүүмжилж болохгүй. Дъюарын савыг шалнаас дээш 20 см зайтай тавиур дээр байршуулна.

4.16.Үржлийн бүтээгдэхүүнийг хадгалах генийн сангийн өрөө нь 10 градус цельсээс бага температуртай, агааржуулалтын системд холбогдсон, амьсгал боох аюултай гэсэн анхааруулах тэмдэг бүхий хаалгатай,  өрөөний хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих багажтай, бетонон шалтай, хана нь угааж цэвэрлэхэд хялбар, шатамхай бус материалаар хийгдсэн, галын дохиололтой,  нарны гэрлийн шууд тусгалгүй байх бөгөөд олон нийтийн амьдрах байрнаас зайтай байна.

4.17.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалж байгаа Малын генийн үндэсний сангийн байрны ариун цэвэр, технологийн нөхцлийг сар тутам шалгаж, тусгай бүртгэл хөтөлнө.

Тав.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг ялган тэмдэглэх,бүртгэх

5.1.Үржүүлгийн бүтээгдэхүүнүүд төрөл, зүйлээсээ хамаарч ялган тэмдэглэгээ нь өөр байна.

5.2.Энэ журмын 4.1.4, 4.1.6-д заасан гадаад улсаас авсан үржүүлгийн бүтээгдэхүүнийг олон улсын тэмдэглэгээний дагуу бүртгэх ба бэлтгэгч улс, үйлдвэрийн гарал үүсэл, малын үүлдэр, хувийн дугаар, бүтээгдэхүүн бэлтгэсэн огноо, серийн дугаар зэргийг тэмдэглэж, өгөгдлийн санд бүртгэж, зарцуулалт, үлдэгдэлийг хянана.

5.3.Энэ журмын 4.1.1, 4.1.5-д заасан үржүүлгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ дараах байдлаар ялган тэмдэглэж, бүртгэл хөтлөнө:

5.3.1.малын үрийг ялган тэмдэглэгээ.

5.3.2.монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрөл бүрийн малын шилмэл хээлтүүлэгчээс үр авч шингэлэн гүн хөлдөөх тохиолдолд тухайн үрийн гуурс тус бүр дээр ялган тэмдэглэгээг заавал хийнэ;

5.3.3.удам зүйн үнэлгээ хийлгэсэн малаас бэлтгэсэн үржүүлгийн бүтээгдэхүүн нь тэмдэглээтэй байна. Тэмдэглэгээ нь улсын код, байгууллагын код, тухайн малын үүлдрийн код, хээлтүүлэгчийн хувийн дугаар, үр авсан огноо, үрийн серийн дугаар гэсэн дараалалтайгаар бичигдэнэ.

5.3.4.үүлдрийн болон сүргийн кодыг дангаар нь эсвэл нэг бүрдэл тэмдэглэгээ байдлаар хэрэглэж болно. Шаардлагатай тохиолдолд хавсралтанд нэмэлт оруулах замаар тэмдэглэгээг нэмж болно.

5.3.5.үр авсан огноог ҮҮ/ОО.ХХ гэсэн формат хэлбэрээр хэвлэнэ. Үүнд: ҮҮ/ - тухайн оны сүүлийн 2 орон (10 эсвэл 11 гэх мэт) ташуу зураас, ОО - тухайн сарын 2 орон (05 эсвэл 12 гэх мэт) цэг, ХХ – тухайн өдрийн 2 орон (08 эсвэл 25 гэх мэт) байна.

5.3.6.үрийн серийн дугаарыг нэмэгдэл мэдээлэл гэж үзэх бөгөөд хэвлэхдээ тухайн огнооны дараа ташуу зураасаар зааглан нэмж оруулна. Үүнд: "ҮҮ/ОО.ХХ/15" гэх мэт.

5.3.7.үрийн гуурсан дээрх хэвлэлт харагдахуйц тод байх ёстой.

5.3.8.үрийн гуурсан дээрх тэмдэглэгээнээс өгөгдлийн санд "үр бэлтгэгчийн улс орны гарал, хээлтүүлэгчийн үүлдэр, хувийн дугаар" зэргийг онцлон үзэх бол малын үржүүлгийн техникч "хээлтүүлэгчийн үүлдэр, хувийн дугаар, үр бэлтгэсэн огноо, серийн дугаар"-ыг онцлон тэмдэглэж авна.

5.3.9.үрийн гуурсан дээр тэмдэглэсэн кодыг тухайн төрлийн малын үүлдэр олон улсын кодын жагсаалтад орсон эсэхээс хамааран улсын гарал үүсэл болгон шууд хэрэглэж болно.

5.3.10.олон улсын жагсаалтад орсон үүлдэртэй нэр давхардахгүй, бие даасан үүлдэр болох нь тогтоогдсон үүлдрийн шилмэл хээлтүүлэгчээс 10000-аас доошгүй тун үрийг 3-аас дээш оронд экспортолсон тохиолдолд тухайн үүлдрийг олон улсын ялган тэмдэглэгээний кодын жагсаалтад гарал үүслийн орноор бүртгүүлэх хүсэлтийг Олон улсын мал, амьтны бүртгэлийн хороонд албан ёсоор холбогдох журмын дагуу гаргаж болно.

5.3.11.дээрх тоо нь олон улсын шинэчлэгдсэн журмын дагуу өөрчлөгдөж болно.

5.3.12.олон улсын үүлдрийн кодын жагсаалтад үүлдрийн гарал үүслийг өөрийн орноор бүртгүүлсэн тохиолдолд тухайн үүлдрээс үйлдвэрлэсэн үрийн тунгийн тоо, экспортод гаргасан тунгийн тоо зэрэг удамшил зүйн материалын талаар олон улсын хэмжээнд харилцан солилцох үүрэг хүлээнэ.

5.4.Малын хөврөл үрийг ялган тэмдэглэх

5.4.1.хөврөл үрийн гуурс тус бүр дээр тухайн хөврөл үрийн талаархи мэдээллийг харуулсан лавлагаа дугаарыг хэвлэсэн байна.

5.4.2.лавлагаа дугаарт тухайн хөврөл үрийг бэлтгэсэн байгууллагын код, гардан гүйцэтгэгч багийн ахлагчийн код, хөврөл үрийг угааж авсан хээлтэгчийн үүлдрийн код, хувийн дугаар, хөврөл үрийг бүрдүүлэгч хээлтүүлэгчийн үүлдрийн код, хувийн дугаар, хөврөл үрийг бэлтгэсэн он, сар, өдөр, хөврөл үрийн серийн дугаар, хөврөл үрийн нас, хөлдөөлтийн огноог тус тус бичнэ.

5.4.3.лавлагаа дугаарт тухайн захиалагч болон үржүүлгийн байгууллагын шаардлагаар өөр бусад мэдээлэл нэмж оруулж болно.

5.4.4.хөврөл үрийг угааж авах, хөлдөөх үед уг ажиллагааг ахлан гүйцэтгэгчийн талаархи тодорхойлолтыг тусгайлан авч бүртгэн, код олгоно.

5.4.5.төрөл бүрийн малын хөврөл үрийг зайлж авах, хөлдөөх, шилжүүлэн суулгах ажиллагааг мэргэшсэн эрдэмтэд, судлаачид, мал зүйч, малын эмч, нөхөн үржүүлгийн техникч нар дангаар эсвэл багаар гүйцэтгэх бөгөөд багийн ахлагч лавлагаа бүртгэлээ төрийн захиргааны төв байгууллагад өгч, кодоо авна.

5.4.6.байгууллагын кодын дараа гардан гүйцэтгэгч багийн ахлагчийн код нь бичигдэнэ.

5.4.7.хөврөл үрийн гарал үүсэлтэй холбоотой мэдээллийн санд хөврөл үрийг бэлтгэсэн донор хээлтэгч, хээлтүүлэгчийн үүлдрийн код, хувийн дугаар, ашиг шимийн үзүүлэлт, хөврөл үрийг угааж бэлтгэсэн, хөлдөөсөн, генийн санд хадгалсан, импортолсон, ашигласан огноо, тээгчид шилжүүлэн суулгасан огноо, хөврөлийн нас, хөврөл үрийг шилжүүлэн суулгасан ажилбарын төрөл, тээгчийн хувийн дугаар зэрэг өгөгдлийг бүртгэнэ.

5.4.8.хөврөл үрийг экспортлох зорилгоор гарган авсан нөхцөлд ялган тэмдэглэгээг Мал, амьтны бүртгэлийн Олон улсын хорооноос гаргасан үүлдрийн кодын жагсаалтын дагуу хийнэ.

5.4.9.импортлосон хөврөл үртэй холбоотой өгөгдлүүдийг дагалдах баримт бичигт үндэслэн авах ба хөврөл үрийг импортлох, борлуулах үед цаасан болон цахим мэдээлэлд байгаа үзүүлэлтийг хөврөл үрийн гуурсан дээрхи тэмдэглэгээтэй харьцуулан үзэж гарал үүслийг баталгаажуулна.

5.4.10.хөврөл үр шилжүүлэн суулгах замаар гарсан төлийн гарвалийг тодорхой болгохын тулд удамшлын эх болон биологийн эх хоёрын хоорондох ялгааны бүртгэлийг хөврөл үр шилжүүлэн суулгах үед холбогдох баримт бичигт заавал тэмдэглэнэ.

5.4.11.хөврөл үрийг угааж авах, хөлдөөх, хадгалах, шилжүүлэн суулгах зэрэг ажилбар бүрийн гүйцэтгэсэн огноог анхан шатны бүртгэлд тэмдэглэж байна.

5.5.Стандартын шаардлага хангасан үржүүлгийн бүтээгдэхүүнийг серийн дугаараар улсын бүртгэлд бүртгэгдэнэ.

5.6.Малын удам гарвалийн нарийвчилсан хянан баталгааг хийхдээ тэдгээрээс цусны эсвэл эд, эсийн дээж авч, цусны бүлгийн тохирлоор болон ДНХ-ийн шинжилгээгээр тодорхойлно.

5.7.Хөврөл шилжүүлэн суулгах аргаар гарсан төлийн удамшилтыг энгийн аргаар тооцохдоо хөврөл шилжүүлэн суулгасан болон хээлтэгчийн төрсөн үеийн хугацааг тухайн төрлийн малын хээл тээлтийн хугацаа, хөврөлийн настай харьцуулан үзнэ.

5.8.Хээлтүүлэгчийн болон арвин ашиг шимт шилмэл малын гарвалийг зөвхөн ДНХ-ийн шинжилгээгээр баталгаажуулна.

5.9.Бүртгэлийн анхан шатны нэгж буюу сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг болон малын удмын санг хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага нь малын үржүүлгийн бүртгэлийг хөтлөхийн тулд энэхүү журмын 4.1.2-д дурьдсан бүртгэл хөтлөгчөөс мэдээллийг цуглуулан бүртгэлийг хийнэ.

5.10.Бүртгэлийн тэмдэглэлд хээлтүүлгийн төрөл /ердийн эсвэл зохиомол/, огноо, хээлтэгч, хээлтүүлэгч малын ялган тэмдэглэгээн дэх хувийн дугаар, нэр хоч, зүс, зохиомол хээлтүүлэг хийсэн тохиолдолд техникчийн нэр, код зэргийг бичнэ.

5.11.Хөврөл шилжүүлэн суулгасан тохиолдолд донорын болон хээл тээгчийн талаарх мэдээллийг бүртгэнэ.

5.12.Малын эзэн, малчин нь шинээр гарсан төлийн хүйс, зүс, эхийн хувийн дугаарыг төллөсөн өдөрт нь тэмдэглэн авч хариуцсан мэргэжилтэн, харъяаллын нэгжид тухайн сардаа мэдэгдэж байна.

5.13.Шинээр гарсан төлд 7-30 хоногийн дотор ялгах тэмдэглэгээг хийж, гэрчилгээг шинээр нээнэ.

5.14.Зохиомол хээлтүүлгийн бүртгэлийг мэргэжлийн байгууллага, түүний салбар эсвэл малын үржүүлгийн техникч бүртгэлийн нэгжид гаргаж өгөх үүрэгтэй.

5.15.Зохиомол хээлтүүлгийн нэгдсэн бүртгэлд гүн хөлдөөсөн үрийг түгээгч байгууллагын код, зохиомол хээлтүүлэгт ашигласан хээлтүүлэгчийн үүлдрийн код, хувийн дугаар, хээлтүүлэг хийсэн огноо, техникчийн код, хээлтэгчийн хувийн дугаар, үрийн гуурсны сериал дугаар, зохиомол хээлтүүлэг давтагдсан байдал, хээлийг шалгасан огноо, хээл авалтын байдал зэрэг өгөгдлүүдийг тэмдэглэнэ.

5.16.Бэлгийн нэг мөчлөгийн хугацаанд хийсэн зохиомол хээлтүүлэг нийт хэдэн удаа давтагдсаныг бүртгэлийн огноогоор тодорхойлох ба эхний зохиомол хээлтүүлэг 1 гэсэн тоогоор илэрхийлэгдэнэ. Түүнээс хойш давтагдсан байдал нэг нэгээр нэмэгдэн дугаарлагдах ба зохиомол хээлтүүлгийг давхар хийсэн тохиолдолд давтагдсан байдлын тоо өмнөхтэйгээ адил буюу өөрчлөгдөхгүй байна.

5.17.Ердийн хээлтүүлгийн талаар бүртгэл хийхдээ хээлтэгчийн үржилд орсон огноо, хээлтэгчийн болон хээлтүүлэгчийн хувийн дугаар, үүлдрийн код, ороо давтагдсан байдал зэрэг өгөгдлүүдийг тэмдэглэнэ.

5.18.Үржүүлгийн бүртгэлийг цаасан хэлбэрээр тэмдэглээд дараа нь мэдээллийн сангийн өгөгдөл болгон Мал аж ахуйн нэгдсэн системд оруулна.

5.19.Үржүүлгийн тухай өгөгдлийн үнэн зөв эсэхийг бүртгэгдсэн мал тус бүрийн тухай өмнөх өгөгдлийн үзүүлэлттэй харьцуулан шалгаж баталгаажуулна. Тухайлбал, хээлтэгчийн ялгах тэмдэглэгээний хувийн дугаар нь харъяалалтайгаа тохирч байгаа эсэх, хээлтэгч нь үржилд ашиглахад тэнцэхээр насанд хүрсэн эсэх, хээлтэгчийн хээл тээсэн ба ороо орсон хугацаа нь тухайн төрлийн малын физиологийн хугацаатай тохирч байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулна.

5.20.Ердийн хээлтүүлгээр үржүүлэгт орсон малын үржүүлгийн тухай бүртгэлийг хянан баталгаажуулахдаа дараах шалгалтыг хийнэ. Үүнд: тухайн малын сүргийн ба үүлдрийн код тохирч байгаа эсэх, хээлтэгч, хээлтүүлэгчийн ялгах тэмдэглэгээний хувийн дугаар харъяалалтайгаа тохирч байгаа эсэх, хээлтэгчийн үржилд орсон ба хээл тээсэн хугацаа тухайн төрлийн мал, амьтны физиологийн үзүүлэлттэй тохирч байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулан баталгаажуулна.

5.21.Малын үржүүлгийн өгөгдлүүдийг тухайн төрлийн малын төллөлтийн тухай мэдээллийн өгөгдлүүд ирэхээс өмнө Мал аж ахуйн нэгдсэн системд оруулсан байх ёстой.

5.22.Мэдээллийн санд өмнө нь орсон малын үржүүлгийн бүртгэл одоогийн мэдээлэлтэйгээ хэрхэн уялдаж буйг бүртгэгч байнга харьцуулан баталгаажуулж байх ёстой.

5.23.Малын үржүүлгийн өгөгдлүүдийг удам зүйн үнэлгээний боловсруулалт хийх зориулалтаар зөвхөн мэргэжлийн байгууллага, баг ашиглана. Энэ тохиолдолд малын тухай мэдээллийг тухайн үнэлгээг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн Мал аж ахуйн нэгдсэн системээс өгнө.

5.24.Малын зохиомол хээлтүүлгийн болон хөврөл үр, түүнийг шилжүүлэн суулгахтай холбоотой бүртгэлийн өгөгдлүүдийг удам зүйн үнэлгээнд ашиглахдаа олон удаагийн цуврал шалгалтанд оруулж баталгаажуулах тул анхан шатны бүртгэгч нар мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй.

Зургаа.Генийн сангаас үржүүлгийн бүтээгдэхүүнийг зарцуулах

6.1.Технологийн дагуу хадгалагдаж байгаа үр, хөврөлийг 15 жилийн дотор зарцуулж, үр дүнг тооцож байна.

6.2.Генийн санд хадгалагдаж биеийн эс, өндгөн эсийг тэдгээрээс ДНХ, РНХ ялгаж авах, өндгөн эсийн цитоплазмд үр шахах, зохиомол орчинд үр тогтоох,  клонингийн аргаар тухайн мал, амьтныг бий болгох зэрэгт ашиглана.

6.3.Төрөл бүрийн аргаар ялган авсан ДНХ-г молекул биологи, генийн инженерчлэлийн аргаар эм, антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох, удамшлын өвчнийг эмчилэхэд ашиглана.

6.4.ДНХ-ийн технологи буюу генийн санг ашиглан малын үүлдэр, омог, удмын холбоог тогтоох, устаж үгүй болох гэж буй мал амьтан, устаж үгүй болсон мал амьтныг дахин сэргээх, үржүүлэх, тэдгээрийн генийн санг хадгалахад ашиглана.

6.5.Малын амьтны үндэсний генийн санг чанарын шаардлага хангасан  үржүүүлгийн бүтээгдэхүүнээр жил бүр сэлбэн баяжуулана.

6.6.Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал үржлийн улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шаардлага хангаагүй үр, хөврөлийг заазалж, хадгалалтаас хасч үлдэгдэлийг тооцно.

6.7.Үндэсний генийн санд хадгалагдаж буй үржүүлгийн бүтээгдэхүүнийг журамд заасан хүснэгт бүртгэлийн дагуу тусгай журналд бүртгэн зарцуулна.

6.8. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад захиалга, гэрээний дагуу үйлчлэхдээ авах гэж буй үржлийн бүтээгдэхүүнийг үнэлж, чанарын үнэлгээний маягт бичин, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.

6.9.Хөврөлийн гэрчилгээг Хүснэгт 1-т, гүн хөлдөөсөн үр, хөврөл байршуулахад хөтлөх бүртгэлийг Хүснэгт 2-т, гэрчилгээнд оруулах хөврөлийн мэдээллийг  Хүснэгт 3-т тус тус оруулна.

Долоо.Генийн сангийн үржүүлгийн бүтээгдэхүүнд хяналт тавих

7.1.Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллага генийн сангийн хяналт тавин ажиллана.

7.2.Гүн хөлдөөсөн үр болон хөврөлийг итгэмжлэлийн эрх бүхий мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн хяналтын доор ашиглана.

7.3.Үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, өөрийн генийн санд байршуулж ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь үржлийн бүтээгдэхүүн зарцуулалтын талаарх тайланг жилд нэг удаа малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.4.Үржлүүлгийн бүтээгдэхүүнийг экспортлох болон импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллага нь “Малын генетик нөөцийн тухай” хуулийн 15.1-д заасан байгууллагад бүртгүүлэн орон нутагт үржлийн ажил, үйлчилгээ явуулахаар бол гэрээ байгуулана.

7.5.Судалгаа, шинжилгээний зорилгоор малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ижил зүйлийн тав хүртэл сорьцод нэг лиценз авна.

7.6.Малын үндэсний генийн санд хадгалагдаж буй үржүүлгийн бүтээгдэхүүнээс хяналтын шинжилгээ хийх зорилгоор 6 сар тутам, 1-2-ыг сонгон тэдгээрийн идэвхи, чанар, хадгалалт хамгаалалтын технологийн горимыг үнэлнэ.

7.7.Малын үндэсний генийн санд байрших, үржүүлгийн бүтээгдэхүүнийг байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшгаас сэргийлсэн байранд хадгална.

7.8.Малын генетик нөөцийн тухай хуулийн 18.2.1-д заасны дагуу үндэсний генийн санг бүрдүүлэх, ажиллуулах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

Найм.Бусад

8.1.Аймаг, нийслэлд Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгт сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг энэхүү журмын хэрэгжилтэд технологийн хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

8.2.Журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах асуудлыг бүх шатны Мэргэжлийн хяналтын байгууллага, Мал үржлийн хяналтын улсын байцаагчид хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

8.3.Энэхүү журмыг зөрчигчдөд Малын генетик нөөцийн тухай, Зөрчлийн тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ _Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих журам_.pdf