Сортын бүтээгчийн эрх авах хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх журам

СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮСЭЛТЭД ШҮҮЛТ ХИЙХ ЖУРАМ 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн дагуу сортын бүтээгчийн эрхийн хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

ХОЁР. СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ

2.1.Сортын бүтээгч нь тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын хавсралтын дагуу хүсэлтээ цахимаар гаргана.

2.2.Сортын бүтээгч хэдэн ч сорт дээр хүсэлт гаргаж болох бөгөөд сорт бүрт тус тусдаа хүсэлт ирүүлнэ.

2.3.Сортын бүтээгч хүсэлтийн хамт дараах баримт бичгийг ирүүлнэ:

2.3.1.сортын тодорхойлолт;

2.3.2.энэ журмын 2.5-д заасны дагуу гаргаж байгаа тохиолдолд итгэмжлэл;

2.3.3.давуу эрхийн магадлагаа;

2.3.4.хүсэлт гаргасан сортын ижил төстэй сортуудаас ялгаатайг нотлох шинж тэмдгийн зураг;

2.3.5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан  үйлчилгээний хураамж төлсөн баримт;

2.3.6.холбогдох бусад материал.

2.4.Сортын тодорхойлолт нь тусгайлсан техникийн асуулт бүхий сортын дэлгэрэнгүй тодорхойлолт бөгөөд ижил төстэй бусад сортоос онцгой ялгарах шинж чанар, давуу талыг бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулсан байна.

2.5.Хүсэлт гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болох бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан байна.

2.6.Хүсэлт гаргагч хүсэлтдээ давуу эрхийн огноог нэхэмжилж болох бөгөөд энэ тохиолдолд давуу эрхийн огноо, эхний хүсэлтийн хуулбарыг хавсаргана.

2.7.Хүсэлт гаргагч хүсэлтийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүсэлтээ буцаан авч болно.

2.8.Сортын бүтээгчээс ирүүлсэн аливаа хүсэлтийг тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний цахим системээр дамжуулан нийтэд мэдээлнэ.

ГУРАВ. ХҮСЭЛТЭД ШҮҮЛТ ХИЙХ

3.1.Хүсэлт гаргасан огноог хүсэлт Сортын үндэсний цахим системд илгээгдсэн огноо, цаг, минутаар тооцно.

3.2.Тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага тухайн сортын бүтээгчийн эрхийн хүсэлт энэ журмын 2 дугаар бүлэгт заасан шалгуурыг хангасан эсэхэд шүүлт хийнэ.

3.3.Хүсэлт гаргагч мэдүүлсэн шинэ сортыг гадаад улс, олон улсын байгууллагад сортын бүтээгчийн эрх авахаар давхар мэдүүлсэн бол энэ тухайгаа тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

3.4.Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө хүсэлт гаргагч анхныхаа ирүүлсэн сортын тодорхойлолтын агуулгын хүрээнд хүсэлтдээ нэмэлтөөрчлөлт хийж болно.

3.5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь энэ журмын 3.6, 3.7-д  заасан хугацаагаар хязгаарлагдана.

3.6.Тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийн эхний огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн шинэ сортын бүтээгчийн эрхийн хамгаалал олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл 3 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3.7.Шинэ сортын бүтээгчийн эрхийн хамгаалал олгохоор шийдвэрлэсэн шинэ сортын нэр, тодорхойлолт, зургийг тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний цахим системд байршуулна.

3.8.Шинэ сорт болох нь нотлогдоогүйбүтээгчийн эрхээр хамгаалах боломжгүй бол шинэ сортын бүтээгчийн эрхийн хамгаалал олгохоос татгалзсан шийдвэр гаргана.

3.9.Энэ журмын 3.8-д заасны дагуу татгалзсан тохиолдолд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид цахимаар илгээнэ.

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ _Сортын бүтээгчийн эрх авах хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх_.pdf