Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбогдсон журам

СОРТЫГ ШИНЭ ЯЛГААТАЙ, ЖИГДЭРСЭН, ТОГТВОРЖСОН БОЛОХЫГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРАМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэ журмын зорилго нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн дагуу сортын бүтээгчийн эрх авах тухай хүсэлт гаргасан сортыг шинэ ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Шинэ сортын бүтээгч нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14 зүйлийн 14.3-т заасан "Сортын бүтээгчийн эрхийн хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх журам"-ын дагуу хүсэлтээ гаргана.

1.3.Сортыг шинэ ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтооход  тухайн сортын аж ахуй, биологийн үнэ цэнийг /VCU/ харгалзахгүй.

1.4.Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 14.7-д заасны дагуу хүсэлт гаргагч нь шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсныг тогтоохтой холбогдон  гарах зардлыг хариуцана.

 

ХОЁР. СОРТЫГ ШИНЭ, ЯЛГААТАЙ, ЖИГДЭРСЭН, ТОГТВОРЖСОН БОЛОХЫГ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

2.1.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох үйл ажиллагаа /цаашид туршилт гэх /нь хээрийн туршилт болон лаборторийн шинжилгээнээс бүрдэнэ.

2.2.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооноос баталсан тухайн таримлын  туршилтын арга зүйн дагуу тогтооно.

2.3.Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооноос баталсан тухайн таримлын  туршилтын арга зүй байхгүй тохиолдолд сортын шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох туршилтын арга зүйг Ургамал, газар тариалангийн хүрээлэн /цаашид "хүрээлэн" гэх/ шинээр боловсруулж, Үр, сортын зөвлөлөөр батлуулна.

2.4.Энэ журмын 2.3-т заасан арга зүйг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбоонд болон нийтэд мэдээлнэ.

2.5.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох үйл ажиллагааг  хүрээлэн гүйцэтгэнэ.

2.6.Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны гишүүн оронтой  хамтран ажиллах гэрээтэй бол шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн гадаад орны  байгууллагаар гүйцэтгүүлж болно:

2.6.1.тухайн гадаад улсын ургамлын шинэ сортыг хамгаалах эрх бүхий байгууллагаас шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болох үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг авсан байх;

2.6.2. тухайн улсын агро-экологийн нөхцөл нь Монгол Улстай ижил төстэй байх.

2.7.Энэ журмын 2.5-д заасан тохиолдолд хүрээлэн тухайн гадаад орны  байгууллагад сортын бүтээгчийн эрхийг хамгаалалт авах тухай хүсэлтийг  техникийн асуумжийн хуулбарын хамт илгээнэ.

2.8.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14.12-т заасны дагуу бусад оронд хийгдсэн шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоосон тайланг харилцан хүлээн зөвшөөрч болно.

2.9.Сортын бүтээгч нь туршилтын арга зүйд заасан хэлбэр,  хэмжээ, холбогдох стандартын шаардлага хангасан сортын материалыг хүрээлэнгээс заасан хугацаа, байршилд ирүүлнэ.

2.10.Туршилтад шаардагдах үрийг ариутгаагүй, физик, хими, биологийн үйлчлэлд оруулаагүй байна.

2.11.Туршилтыг ижил нөхцөлд 2-оос доошгүй удаа хийх ба дараалсан мөчлөгтэй байна. Шаардлагатай тохиолдолд 3 дахь туршилтыг хийж болно.

2.12.Олон наст, модлог ургамлын хувьд туршилтыг сортын бүтээгчийн талбайд хийнэ.

2.13.Шинэ сортын ялгаатай шинж тэмдэг туршилт явуулсан байршилд илрэхгүй тохиолдолд байршлыг өөрчилнө.

2.14.Туршилтыг явуулахдаа хүсэлт гаргасан шинэ сортыг хяналтын  сортуудтай харьцуулах замаар ялгаатай байдлыг тодорхойлно.

2.15.Хяналтын сортод дараах сортууд байна:

2.15.1.Монгол Улсын сортууд

2.15.2.ижил төстэй бүс нутгийн сортууд

2.15.3.хүсэлт гаргагчийн санал болгосон сортууд

2.15.4.эрлийз сортын эцэг, эх сортууд

2.15.5.бусад шалгах сортууд

2.15.6.Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны жишээ сортууд

ГУРАВ. СОРТЫГ ҮНЭЛЭХ

3.1.Сортыг түүний гадаад шинж тэмдгээр үнэлэх ба дараах төрөлтэй байна:

3.1.1.Бүлэг ургамал, ургамлын хэсгүүдэд нэг удаагийн хэмжилт;

3.1.2.Нэг ургамал, ургамлын хэсгийн хэмжилт;

3.1.3.Бүлэг ургамал, ургамлын хэсгийн нэг удаагийн ажиглалт;

3.1.4.Нэг ургамал, ургамлын хэсгийн ажиглалт;

3.2.Ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон байдлын туршилтын хэмжилтийг 3 болон түүнээс дээш мэргэжлийн хүн гүйцэтгэнэ.

3.3.Хүсэлт ирүүлсэн сортыг хяналтын сортоос илэрхий болон тодорхой ялгаатайг тогтооно.

3.4.Гурван ургалтын мөчлөгийн 2 мөчлөгт нь, эсхүл 2 мөчлөгт дараалан ижил утга гарсан байвал ялгаатай байдал илэрхий байна гэж үзнэ.

3.5.Шинэ сортын шинж чанарыг тодорхойлохдоо ажиглалт, хэмжилтийг хослуулан хийхэд ижил утгатай байвал ялгаатай байдал тодорхой байна гэж үзнэ.

3.6.Шинж тэмдэг бүрийг тусад нь тодорхойлно. Тоон зарим шинж тэмдгүүдийг тухайлбал, урт, өргөн гэх мэтийг хамтад нь тодорхойлж болно.

3.7.Сортын шинж тэмдгийн ажиглалтын үнэлгээ эргэлзээтэй байвал хэмжилтийн үнэлгээний дүнг зөв гэж үзнэ. 

3.8.Сортуудын ялгаатай байдлыг тогтоох явцад илэрч буй ажиглагдаж, хэмжигдсэн аливаа ялгааг тухай бүрт нь бүртгэж хөтөлнө.

3.9.Сортын ялгаатай шинж тэмдгийг тохирох хөгжлийн үе шатанд илрүүлж, зургаар баримтжуулна.

3.10.Сортын жигдэрсэн байдлыг үнэлэхдээ тухайн сортоос өөр хэв шинж агуулсан ургамал байгаа эсэхийг тодорхойлно.

3.11. Өөр хэв шинж агуулсан ургамал байх дээд хэмжээг тухайн таримлын туршилтын арга зүйд тусгана.

3.12.Солбицон тоос хүртдэг, эсхүл 2 болон түүнээс дээш шаталсан эрлийз сортын хувьд популяцийн стандарт хазайлтын хэмжээг таримлын туршилтын арга зүйд тусгана.

3.13.Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 14.4.4-т заасны дагуу давтан үржүүлгийн дараа, эсхүл тодорхой мөчлөгтэй үржүүлгийн төгсгөл бүрд сортын үндсэн шинж тэмдгүүд нь өөрчлөгдөхгүй байвал сортыг тогтворжсон сорт гэж үзнэ.

3.14.Сортын тогтворжсон байдлыг тухайн сортыг 2-оос доошгүй жил давтан тариалах замаар тодорхойлно.

3.15.Шаардлагатай тохиолдолд тогтворжсон байдлыг үнэлэхдээ тухайн сортын онцлогоос хамаарч дараагийн үе удмыг ургуулах, эсхүл шинэ үрийн материалыг туршилтад оруулах замаар өмнө нийлүүлэгдсэн сортын материалтай харьцуулж ижил шинж тэмдгийг хадгалж байгаа эсэхийг хянан магадлана.

ДӨРӨВ. ТАЙЛАГНАХ

4.1.Туршилтын эхний жилийн үр дүнгээр ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон байдлын эхлэлийн тайланг хүснэгт 1-ийн дагуу гарна.

4.2 Энэ журмын 4.1-д заасан тайлан нь туршилтын явцад илэрсэн асуудлыг багтаасан ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон байдлыг шалгах үйл явцын үр дүнгийн мэдээллийг агуулсан байна.

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ _Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбогдсон журам_.pdf