Хамгаалагдсан сортын бүтээгчийн эрх олгох, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журам

ХАМГААЛАГДСАН СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХ ОЛГОХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ТУХАЙ ЖУРАМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэ журмын зорилго нь таримал ургамлын шинэ сортын бүтээгчид бүтээгчийн эрх олгох, түүнийг нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

ХОЁР. БҮТЭЭГЧИЙН ЭРХ ОЛГОХОД ТАВИХ ШААРДЛАГА

2.1.Дараах шаардлагыг хангасан сортод бүтээгчийн эрх олгоно:

2.1.1.Шинэ сортын бүтээгчийн эрх авах тухай хүсэлтээ Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргасан байх;

2.1.2.Сортын бүтээгчийн эрх авах хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх журмын дагуу тухайн сортыг шинэ болохыг тогтоосон байх;

2.1.3.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.11-д заасан Шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбоотой журмын дагуу хүсэлт гаргасан сортын шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсонг тогтоосон албан ёсны байгууллагын тайланг хавсаргасан байх;

2.1.4. Шинэ сортын нэр нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу Таримал ургамлын шинэ сортын нэрлэх журманд заасны дагуу шүүлт хийгдэж хадгалагдсан байх;

2.1.5.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 402 дугаар зүйлд заасан таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгоход төлөх тэмдэгтийн хураамжийг төлж, баримтаа ирүүлсэн байх.

ГУРАВ. ШИНЭ СОРТЫН БҮТЭЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

3.1.Сортын бүтээгч нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 4.1.13-д заасан дараах этгээд байна:

3.1.1.сортыг бүтээсэн, эсхүл нээн илрүүлж сайжруулсан хувь хүн, хуулийн этгээд;

3.1.2.сортыг бүтээсэн этгээдийн ажил олгогч;

3.1.3.гэрээслэх, бэлэглэх, солилцох, худалдах замаар эрхийг шилжүүлэн авсан этгээд.

3.2.Энэ журмын 3.1.2-3.1.3-т заасан этгээдийн хувьд бичгээр үйлдсэн нотлох баримтыг үндэслэн эрх бүхий болохыг тогтооно.

3.3.Шинэ сортыг хэд хэдэн этгээд хамтарч бүтээсэн бол бичгээр үйлдсэн хамтран ажиллах тухай гэрээтэй байна.

ДӨРӨВ. ШИНЭ СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХИЙГ ОЛГОХ

4.1.Хүсэлт ирүүлсэн сорт нь энэ журмын 2-т заасан бүтээгчийн эрх олгоход тавигдах шаардлагыг хангасан тухай нотлох баримтыг цахимаар хүлээн авсан огнооноос хойш ажлын 5 хоногт багтаан  тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүтээгчийн эрх олгож, энэ тухай  сортын бүтээгчид бүртгэлтэй цахим хаягаар нь мэдэгдэнэ.

4.2.Бүтээгчийн эрх олгохтой нэгэн зэрэг тухайн сортын нэрийг баталгаажуулна.

4.3.Бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортыг хамгаалагдсан сортын бүртгэлд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэнэ.

4.4.Шинэ сортыг хэд хэдэн этгээд хамтарч бүтээсэн бол хамтран ажиллах гэрээг үндэслэн сортын бүтээгчийн эрхийг олгоно.

4.5.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинэ сортыг бүртгэсэн даруй Сортын үндэсний цахим системээр дамжуулан нийтэд мэдээлнэ.

4.6.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14.12-д заасны дагуу шинэ сортын ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоосон тайланг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хамтран ажиллах гэрээтэй орны эрх бүхий байгууллагад хамгаалагдсан шинэ сортыг бүртгэснээс хойш ажлын 3 хоногт багтаан мэдээлнэ.

4.7.Хүсэлт ирүүлсэн сорт нь энэ журмын 2 дугаар бүлэгт заасан бүтээгчийн эрх олгоход тавигдах шаардлагыг хангаагүй бол сортын бүтээгчийн эрхийг олгохоос татгалзана. Энэ тухай сортын бүтээгчид бүртгэлтэй цахим хаягаар нь мэдэгдэнэ.

4.8.Энэ журмын 4.7-д заасны дагуу сортын бүтээгчийн эрхийг олгохоос татгалзсан тохиолдолд сортын бүтээгч гомдлоо тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно.

4.9.Сортын бүтээгч нь энэ журмын 4.1-д заасан нотлох баримтыг дутуу ирүүлбэл ажлын 5 хоногт багтаан нөхөн ирүүлж болно. Хэрвээ энэ боломжит хугацаанд дутуу баримтыг ирүүлээгүй бол хүсэлтийг хүлээн аваагүйд тооцно.

4.10.Хүсэлт аваагүйд тооцсон тохиолдолд сортын бүтээгч дахин хүсэлт ирүүлж болно.  Энэ тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу сортын бүтээгчийн эрх олгох хураамжийг дахин төлнө.

4.11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 402.2-д заасны дагуу сортын бүтээгчийн эрхийг хүчинтэй байлгах үйлчилгээнд төлөх тэмдэгтийн хураамжийг сортын бүтээгч жил бүр төлнө.

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ _Хамгаалагдсан сортын бүтээгчийн эрх олгох, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журам_.pdf