Мал, амьтны халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх журам

ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ, ТАЙВАН БАЙДЛЫГ УЛС, БҮС, НУТГААР

ТОГТООН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь мал, амьтны халдварт, гоц халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох хүсэлт гаргах, шинжээчийн баг томилох, баталгаажуулах, батламж олгох, тогтвортой байдлыг хадгалах, цуцлах, түдгэлзүүлэх, дахин сэргээх, зардлын санхүүжилт, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутаг, хамгаалалттай аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлийн тайван байдлыг үндэсний болон улс, бүс, тухайн газар нутгийн хэмжээнд баталгаажуулж, нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтооход тавих ерөнхий шаардлага

2.1.Халдварт өвчингүй, тайван гэдэг нь улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо эсхүл хамгаалалттай аж ахуй, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлийн мал, амьтны сүрэгт тухайн халдварт өвчингүй болохыг тогтоож, баталгаажуулсныг илэрхийлнэ. Иймд өвчнөөр тайван, халдваргүй статус (түүхэн тайван статусыг үл тооцон)-ыг нотлохын тулд тодорхой эмгэг төрүүлэгчийн халдвар хэрэв байгаа бол сүргийн тогтоосон хувь хэмжээнээс бага болохыг шаардлагатай үнэмшлийн түвшинд илтгэн харуулах хангалттай нотлох баримтыг бүрдүүлнэ.

2.2.Зэрлэг амьтны сүрэгт тухайн үүсгэгчийн халдвар байхгүйг нотлох тархвар зүйн тоон мэдээлэл, баримт бүрдүүлэхэд хүндрэлтэй учраас шууд бус нотолгоонд тулгуурлан үнэлгээ хийнэ.

2.3.Тухайн халдварт өвчингүй, тайван улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо эсхүл хамгаалалттай аж ахуй, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөл нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын "Газрын амьтны эрүүл мэндийн кодекс"-ийн 1.4.6 дах хэсэгт заасан дараах ерөнхий шаардлага хангана. Үүнд:

2.3.1.тухайн өвчин нь заавал мэдээлэгдэх өвчний жагсаалтад орсон байх;

2.3.2.Холбогдох мэдрэмтгий бүх зүйлийн мал, амьтанд тухайн үүсгэгчийн халдварыг эрт илрүүлэх тогтолцоо хэрэгждэг байх;

2.3.3.Тухайн үүсгэгчийн халдварыг нэвтэрч орж ирэхээс хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлдэг, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах тогтолцоог бүрдүүлсэн байх;

2.3.4.улс, бүсийн хэмжээнд байгаа зэрлэг амьтанд тухайн үүсгэгчийн халдварын шинж тэмдэг илрээгүй байх.

2.4.Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын "Газрын амьтны эрүүл мэндийн кодекс"-ийн 1.4.6 дах хэсэгт заасан дараах нөхцөлийг хангасан аймаг, нийслэл, сум, дүүргийг тухайн өвчний өвөрмөц эмгэг төрүүлэгчийг тандах шаардлага тавилгүйгээр тухайн өвчнөөр тайван байдлыг тогтоож болно. Үүнд:

2.4.1.сүүлийн 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд тухайн өвчний эсрэг дархлаажуулалт хийгээгүй байх;

2.4.2.энэхүү журмын 2.4 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг биелүүлсэн байх;

2.4.3.мэдрэмтгий мал, амьтанд тухайн эмгэг төрүүлэгчийн улмаас үүсэх эмнэл зүйн шинж тэмдэг эсхүл бие бүтцийн эмгэг хувирал илэрсэн бол ялгаварлан оношилж, баталгаажуулсан байх;

2.4.4.сүүлийн 25-аас дээш жил тухайн өвчний халдварын тохиолдол гараагүй байх.

2.5.Халдварт өвчингүй, тайван хамгаалалттай аж ахуйг зарлахад дараах шаардлага хангасан байна. Үүнд:

2.5.1.Тухайн эмгэг төрүүлэгчийн өвөрмөц тандалт явуулахад халдварын аливаа тохиолдол илрээгүй байх;

2.5.2.энэхүү журмын 2.4.1, 2.4.3 дах хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хангасан, эмгэг төрүүлэгчид өвөрмөц тандалтыг товлолт хугацаанд хийсэн байх.

2.6. улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо эсхүл хамгаалалттай аж ахуй, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлийн мал сүрэгт тухайн эмгэг төрүүлэгчийн халдвар тархсан нь нотлогдвол тухайн өвчнөөр тайван статус нь шууд хүчингүй болно.

Гурав.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох хүсэлт гаргах этгээд

3.1.Халдварт өвчингүй, тайван байдлыг нутаг дэвсгэрээр дараах байдлаар тогтооно. Үүнд:

3.1.1.улсаар;

3.1.2.бүсээр;

3.1.3.аймаг, нийслэлээр;

3.1.4.сум, дүүргээр;

3.1.5.баг, хороогоор;

3.1.6.хамгаалалттай аж ахуйгаар;

3.1.7.эрчимжсэн аж ахуй эрхлэгчээр;

3.1.8.малчдын бүлэг, нөхөрлөлөөр.

3.2.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтооход дараах байгууллагууд хүсэлт гаргана. Үүнд:

3.2.1.энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.6-д заасан халдварт өвчингүй, тайван байдлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санаачилгаар;

3.2.2.энэхүү журмын 3.1.3, 3.1.4-д заасан халдварт өвчнөөр тайван байдлыг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад;

3.2.3.энэхүү журмын 3.1.5-д халдварт өвчнөөр тайван байдлыг сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгаас  аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт;

3.2.4.энэхүү журмын 3.1.7, 3.1.8-д заасан халдварт өвчнөөр тайван байдлыг эрчимжсэн аж ахуй эрхлэгч, малчдын бүлэг, нөхөрлөл нь сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгаар дамжуулан аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт.

Дөрөв.Монгол Улсын нутаг дэвсгэрийг халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох хүсэлт гаргах

4.1.Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын "Газрын амьтны эрүүл мэндийн кодекс", импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын худалдааны хоригтой халдварт өвчингүй тайван байдлыг улсын нийт нутаг дэвсгэр, бүс, хамгаалалттай аж ахуйгаар тогтоон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон импортлогч талд мэдээлнэ.

4.2.Халдварт өвчингүй, тайван байдлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон импортлогч талд баталгаажуулах, мэдээлэх ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

4.3.Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүсээр баталгаажуулахад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын "Газрын амьтны эрүүл мэндийн кодекс"-ийн 1.6-д заасны дагуу баталгаажуулах өргөдлийг боловсруулж хүргүүлнэ.

4.4.Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны шинжээч урьж ажиллуулах, дүгнэлт гаргуулахтай холбогдон гарах зардлыг урьдчилан тооцож Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын төсөвт тусгуулна. Хандивлагч байгууллага, импортлогч орны зардлаар хийж болно.

4.5.Улс, бүс эсхүл хамгаалалттай аж ахуй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын тусгай ангиллын өвчин, мал, амьтны бусад халдварт өвчнөөр тайван болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, бусад улсад мэдээлэх хүсэлтийг энэхүү журмын 4.2-т заасан байгууллага гаргана.

4.6.Улс өөрийгөө зарлан тунхагласан тухай нийтэлж өгөхийг хүссэн баримт бичигт дараах шаардлагыг хангасан мэдээллийг баримтжуулан хүргүүлнэ. Үүнд:

4.6.1.тухайн халдварыг улсын хэмжээнд заавал мэдээлэгдэг тухай нотлох баримт;

4.6.2.улс, бүс, хамгаалалттай аж ахуйд тухайн халдвар байхгүй эсхүл устгасан түүх;

4.6.3.улс, бүс, хамгаалалттай аж ахуйн мэдрэмтгий бүх мал, амьтанд хийдэг тандалт, түүний дотор эрт сэрэмжлүүлэх тогтолцоо;

4.6.4.Өвчингүй тайван байдлыг улс, бүс, хамгаалалттай аж ахуйд хадгалахын тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ.

4.7.Өөрийгөө зарлан тунхаглах мэдэгдэл дэх мэдээллийн үнэн зөв байдлыг Малын ерөнхий эмч бөгөөд  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч бүрэн хариуцна.

Тав.Халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тогтоолгох хүсэлт гаргах

5.1.Халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тогтоолгох хүсэлт гаргахад аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар дараах шаардлагыг хангасан мэдээллийг багтаасан өргөдлийг баталгаажуулан Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Үүнд:

5.1.1.энэхүү журмын 2.3, 2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон байна;

5.1.2.халдварт өвчнийг хяналтад авах төлөвлөгөөнд тусгагдсан тухайн өвчний халдварын голомтыг устгасан талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;

5.1.3.тухайн халдварт өвчингүй тайван байдлыг тогтоолгох  зорилгоор сүүлийн гурваас доошгүй жил аймаг, нийслэлийн хэмжээнд хийсэн тандан судалгааны дүнд эрсдэлийн задлан шинжилгээ хийсэн тайлан;

5.1.4.халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэрийн хилийн заагийг солбилцолоор тогтоосон зураглал;

5.1.5.тухайн өвчний хувьд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, шинжилгээний чадавх /багаж, тоног төхөөрөмж, оношлуур, урвалж, хүний нөөц/-ийг нотолсон байх;

5.1.6.хэрвээ зооноз өвчин бол тухайн өвчний хүн амын дундах тохиолдлын судалгааг сүүлийн таваас доошгүй жилээр Эрүүл мэндийн байгууллагаас гаргуулж баталгаажуулж хавсаргасан байх;

5.1.7.халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тогтоолгох хүсэлт гаргасан өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөвийг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар хариуцна;

5.1.8.халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох хүсэлтийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан ирүүлнэ;

5.1.9.халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон гарах зардлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан этгээд хариуцна.

Зургаа.Халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлөөр тогтоолгох хүсэлт гаргах

6.1.Халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлөөр тогтоолгох хүсэлт гаргахад сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг дараах шаардлагыг хангасан мэдээллийг багтаасан өргөдлийг баталгаажуулан, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт ирүүлнэ.

6.1.1.энэхүү журмын 2.3 дахь хэсэгт заасан ерөнхий шаардлагыг хангасан болохыг нотолсон байна.

6.1.2.тухайн халдварт өвчингүй, тайван байсан, эсхүл халдварт өвчнийг хяналтад авах төлөвлөгөөний дагуу тухайн өвчний халдварын голомтыг устгасан талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн тайлан;

6.1.3.тухайн халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох зорилгоор сүүлийн 2-оос доошгүй жилд хийсэн тандан судалгааны дүнд эрсдэлийн шинжилгээ хийсэн тайлан;

6.1.4.халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох газар нутгийн хилийн заагийн зураглал /Сум, дүүргийн засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээнд хавсаргасан 1:100.000-ын масштабтай/;

6.1.5.тухайн баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлийн гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тухайн өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхын нотолгоо.

6.2.Энэхүү журмын 2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон бол халдварт өвчингүй, тайван байдлыг шууд баталгаажуулна.

6.3.Халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлөөр тогтоолгох хүсэлт гаргасан өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөвийг сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг хариуцна.

6.4.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох хүсэлтийг журмын 5.1-д заасан хугацаанд ирүүлнэ.

6.5.Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон гарах зардлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан этгээд хариуцна.

Долоо.Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, мэдээлэх, цуцлах

7.1.Монгол улсын нийт нутаг дэвсгэр, бүс, хамгаалалттай аж ахуйг мал, амьтнаас хүнд халдварладаг болон олон улсын худалдааны хоригтой халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан ёсны бичиг баримтыг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийтэд мэдээлж баталгаажуулна.

7.2.Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандан судалгааг зааврын дагуу тогтоосон хугацаанд хийж, холбогдох тайланг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч оронд хүргүүлэх ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

7.3.Халдварт өвчингүй, тайван байдлыг батламжилсан эрх бүхий байгууллага цуцлах, дахин олгох асуудлыг шийдвэрлэнэ.

7.4.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох хүсэлтийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авч ажлын 5 хоногт багтаан Ерөнхий малын эмч шинжээчийн баг томилж, дүн шинжилгээ хийлгэнэ. Шинжээчийн баг дараах эрсдэлийн задлан шинжилгээг хийнэ. Үүнд:

7.4.1.хүсэлт гаргагчаас ирүүлсэн өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

7.4.2.халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэр, хамгаалалттай аж ахуйн тархвар зүйн байдалд үнэлгээ өгөх ажлыг газар дээр нь гүйцэтгэнэ.

7.4.3.шаардлагатай гэж үзвэл тохиолдлын тандан судалгаа, шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шинжилгээний дүнд үнэлгээ өгнө.

7.4.4.халдварт өвчингүй, тайван байдлаа баталгаажуулсан нутаг дэвсгэр, хамгаалалттай аж ахуй тайван байдлаа хадгалах стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

7.5.Шинжээчийн багийн дүгнэлт, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, аймаг, нийслэл, хамгаалалттай аж ахуйгаар ерөнхий малын эмч олон нийтэд зарлан мэдээлж, батламж олгоно.

7.6.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох чиг үүрэгт хамаарах хүсэлтийг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар хүлээн авч ажлын 5 хоногт багтаан шинжээчийн баг томилж дүн шинжилгээ хийлгэнэ. Шинжээчийн багт зөвшилцсөний үндсэн дээр тухайн чиглэлээр ажилладаг салбарын судлаачдыг оруулцуулж болох ба шинжээчийн баг дараах эрсдэлийн задлан шинжилгээг хийнэ. Үүнд:

7.6.1.хүсэлт гаргагчаас ирүүлсэн өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

7.6.2.халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийн тархвар зүйн байдалд үнэлгээ өгөх ажлыг газар дээр нь гүйцэтгэнэ.

7.6.3.шаардлагатай гэж үзвэл тохиолдлын тандан судалгаа хийх шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шинжилгээний дүнд үнэлгээ өгнө.

7.6.4.Халдварт өвчингүй, тайван байдлаа баталгаажуулсан нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлийн тайван байдлаа хадгалах стратегийг боловсруулна.

7.7.Шинжээчийн багийн дүгнэлт, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлийг газрын дарга олон нийтэд зарлан мэдээлж, батламж олгоно.

7.8.Халдварт өвчингүй, тайван байдлын хүсэлт (өргөдөл)-ийн загвар, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, батламжийн загвар, батламж олгох зааврыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

7.9.Халдварт өвчингүй, тайван байдлаа цуцлуулсан аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн Мал эмнэлгийн тасаг халдварын голомтыг бүрэн устгасан арга хэмжээний тайлан, тайван байдлаа сэргээх тухай хүсэлтээ батламж олгосон байгууллагад дахин илгээнэ.

7.10.Энэхүү журмын 7.9-д заасан хүсэлтийг хүлээн авсан байгууллага дахин шинжээчийн баг томилон ажиллуулж, дүгнэлтийг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг дахин сэргээн шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.

Найм. Халдварт өвчингүй, тайван байдлын хяналт, тандан судалгаа

8.1.Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн халдварт өвчний хяналтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

8.2.Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагын халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн халдварт өвчний баталгаажуулах тандалт судалгааг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталсан зааврын дагуу эрх бүхий мал эмнэлгийн лаборатори хийж, үндэсний лаборатори баталгаажуулна.

8.3.Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын хүсэлтээр тогтоон мэдээлсэн халдварт өвчингүй, тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг тухайн аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар хариуцна.

8.4.Сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгийн хүсэлтээр тогтоон мэдээлсэн халдварт өвчингүй, тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг тухайн Мал эмнэлгийн тасаг хариуцна.

8.5.Халдварт өвчингүй, тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлнэ.

8.6.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоон, мэдээлсэн халдварт өвчнөөр өвчлөмтгий болон тээгч зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг жил бүр зааврын дагуу тандан шинжилнэ.

8.7.Халдварт өвчингүй, тайван байдлаа тогтоолгосон эрчимжсэн аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөл нь баталгаажуулах тандалт судалгаанд тогтоосон хугацаанд малаа бүрэн хамруулж, мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээ хэрэгжүүлэх бүрд сүрэгтээ эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ хийлгэж мал эмнэлгийн нэгдсэн системд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч оруулна.

8.8.Тандалт судалгааны анхан шатны бүртгэл, малын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мал эмнэлгийн нэгдсэн системээр бүх шатны Мал эмнэлгийн байгууллагууд хянана.

Ес. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

9.1.Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуй, малчдын бүлэг, нөхөрлөлд дараах үйл ажиллагааг зайлшгүй хэрэгжүүлнэ. Үүнд:

9.1.1.тухайн халдварт өвчний төлөвлөгөөт тандан судалгаанд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулах;

9.1.2.мал, амьтнаа тогтоосон хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулах;

9.1.3.тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд тухайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хэрэглэхгүй байх;

9.1.4.шинжилгээнд хамруулж эрүүлийг нотлоогүй мал, амьтан гаднаас (тайван байдлыг тогтоогоогүй бүс нутаг, аж ахуй) авахгүй байх;

9.1.5.тус нутаг дэвсгэр, аж ахуйд эрсдэлийн үнэлгээнд хамруулаагүй үржүүлгийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

9.1.6.тухайн өвчнөөр сэжигтэй тохиолдол илэрсэн бол холбогдох журмын дагуу яаралтай мэдээлэх.

Арав. Хариуцлага

10.1.Энэхүү журмын хэрэгжилтэд бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ _Мал, амьтны халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тогтоон мэдээлэх журам_, _ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн_.pdf