Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам

 

ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ, МӨНГӨН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг эх орны үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангах зорилгоор холбогдох стандартын шаардлага хангасан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн (цаашид "тариалан эрхлэгч" гэх) үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан хүнсний болон үрийн улаан буудай, байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, улаан лооль, өргөст хэмх, бүх төрлийн чинжүү, навчит ногоо зэрэг бүтээгдэхүүнд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр мөнгөн урамшуулал олгож болно.

1.3.Энэ журмын 1.2-д заасан урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

1.4. Хүнсний ногооны хувьд 10-аас дээш хувийг импортоор оруулж ирж байгаа эсхүл дотоодын үйлдвэрлэл нь "Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан "Жишсэн дундаж хүний илчлэг, шимт бодисын хоногийн дундаж хэмжээг хангах, хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ"-д хүрээгүй тохиолдолд, мөн улаанбуудайн хувьд дотоодын гурилын хэрэгцээг тогтвортой хангах зорилгооор мөнгөн урамшуулал олгоно.

1.5. Бүтээгдэхүүнд олгох мөнгөн урамшууллын хэмжээ,  үзүүлэх мөнгөн бус дэмжлэгийн төрөл, тоо хэмжээ, олгох нөхцөл, хэлбэрийг тогтоосон шийдвэр гарахаас өмнө урьдчилан зарлах, мэдээлэх аливаа амлалт өгч үл болно. 

1.6.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн өмчийн хуулийн этгээд нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид  зээл олгох тохиолдолд урамшуулалд олгох мөнгөн болон мөнгөн бус хөрөнгийг зээлийн  барьцаа болгож үл болно. 

1.7.Тариалан эрхлэгч нь мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэгт сайн дурын үндсэн  дээр хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6.1.1 болон 6.1.2-т заасны дагуу тухайн хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн холбогдох мэдээллийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цуглуулж, ашиглахыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Хоёр.  Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгчид тавигдах шаардлага

                      2.1.Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

2.1.1. тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;

2.1.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9.5-д заасан журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн тухай хуулийн 23.3-т заасан тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (www.plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;

2.1.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;

Хүснэгт 1. Урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний код

Урамшууллын нэр

Код

Тайлбар

Хүнсний болон үрийн улаанбуудайн урамшуулал

0306007

1-р зэргийн хүнсний улаанбуудайн урамшуулал

0306008

2-р зэргийн хүнсний улаанбуудайн урамшуулал

0306009

3-р зэргийн хүнсний улаанбуудайн урамшуулал

0306010

4-р зэргийн хүнсний улаанбуудайн урамшуулал

0307007

1-р ангиллын үрийн улаанбуудайн урамшуулал

0307008

2-р ангиллын үрийн улаанбуудайн урамшуулал

Хүнсний ногооны урамшуулал

 0709013

Байцай /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709014

Шар лууван /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709015

Шар манжин /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709016

Хүрэн манжин /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709017

Сонгино /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709018

Саримс /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709019

Улаан лооль /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709020

Өргөст хэмх /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709021

Чинжүү /Хүнсний ногооны урамшуулалтай/

 0709022

Навчит ногоо /Хүнсний ногооны урамшуулалтай/

2.2. Үрийн болон хүнсний улаан буудайг үйлдвэрлэж буй тариалан эрхлэгч нь дотоодын гурилын үйлдвэр, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн өмчийн хуулийн этгээд,  Онцгой байдлын ерөнхий газарт худалдсан бол мөнгөн урамшуулалд хамрагдана.

2.3.Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангаагүй нь мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болно. 

Гурав.  Мөнгөн бус дэмжлэгт хамрагдах тариалан эрхлэгчид тавигдах шаардлага

3.1.Мөнгөн бус дэмжлэгт хамрагдах тариалан эрхлэгч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

            3.1.1.эзэмшиж, ашиглаж буй тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах чиглэлээр Тариалангийн тухай хуулийн 19, 25 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх;

             3.1.2.органик хүнсний бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн, газар тариалангийн зохистой дадлыг нэвтрүүлсэн байх, эсхүл нэвтрүүлэхээр эрх бүхий баталгаажуулалтын байгууллагатай гэрээ байгуулсан байх;

             3.1.3.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9.5-д заасан журмын дагуу тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхлэх, талбайн арчилгаа, химийн бодисын зарцуулалт, ургац хураалтын тоо,хэмжээ, бэлтгэсэн уриншийн мэдээгээ тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (www.plant.mofa.gov.mn)-д оруулан тогтмол хөтөлж бүртгэсэн байх, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;

               3.1.4. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн эзэмшлийн  болон өмчлөлийн трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж, зоорь, үтрэм, агуулах, элеватор, услалтын системтэй бол тэдгээрийг паспортжуулан харьяа Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлж тооллогод хамруулсан байх.  

 

Дөрөв. Мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэг олгох

  4.1.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тариалан эрхлэгчид олгох мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийн хэмжээг энэ журмын 1.4-т заасан матералын хамт Төсвийн тухай хуульд заасан цагалбарын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2.Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан тариалан эрхлэгч нь энэ журмын 1.2-т заасан бүтээгдэхүүнийг худалдсан тухай бүр урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний код,  нэр, төрөл, тоо хэмжээ, нэгж болон нийт үнийн дүнг шалган, тооцоо нийлж татварын цахим төлбөрийн баримтын системд холбогдох хуульд заасан хугацаанд баталгаажуулсан байна.

4.3.Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч төсвийн урамшууллын систем uramshuulal.gov.mn-д бүртгүүлэн энэ журмын 1.2-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын баталгаажсан татварын цахим төлбөрийн баримтыг www.ebarimt.mn системээс, гарал үүслийн цахим гэрчилгээний мэдээллийг тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан www.plant.mofa.gov.mn-аас тус тус татан авч, дараа сарын 10-ны дотор татан мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар илгээнэ.

4.4.Тариалангийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь тариалан эрхлэгчээс мөнгөн урамшуулалд хамрагдахаар ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн дараа сарын 25-ны дотор мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгчийн жагсаалтыг гарган тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

4.5.Тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу олгох мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан тариалан эрхлэгчийн дансанд шилжүүлнэ. 

4.6.Худалдсан бүтээгдэхүүний гарал үүслийн цахим гэрчилгээ, татварын цахим төлбөрийн баримтыг тухай бүр үүсгэн баталгаажуулаагүй, урамшуулалд хамрагдах сарын хүсэлтийг дараа сарын 10-ны дотор ирүүлээгүй тариалан эрхлэгчийн мөнгөн урамшууллыг нөхөн олгохгүй.  Нэрийг магадлах

4.7.Тариалан эрхлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөн урамшуулал нь нэр, данс зөрсөн, данс хаагдсаны улмаас буцаагдсан тохиолдолд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санхүүгийн нэгжид тухайн тариалан эрхлэгч  банк, өөрийн дансны мэдээллээ ирүүлснээр гүйлгээг залруулах арга хэмжээ авна.

4.8.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тариалан эрхлэгчийн улсын төсөв, харьяа байгууллага,  Хөдөө аж ахуйн асуудал  төрийн өмчийн хуулийн этгээд, Улсын нөөцийн салбартай холбоотой үүссэн өр төлбөрийг харилцан тохиролцсон хоорондын тооцоо нийлсэн акт болон төрийн холбогдох байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн мөнгөн урамшууллаас суутган тооцож, тухайн өр төлбөртэй байгууллагын дансанд шилжүүлнэ. Суутгасан өр төлбөрийн үнэн, зөв эсэхэд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн өр төлбөрт урамшууллаас суутган шилжүүлж авсан байгууллага хариуцлага хүлээнэ.

4.9.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өглөгтэй, тэрхүү өглөгийг урамшуулал авах тариалан эрхлэгчид дамжуулан зээлдүүлсэн бол дамжуулан зээлдүүлсэн байгууллага 4.8-д заасан өр төлбөрт суутгах мэдээлэлд нэгтгэн оруулж урамшууллын мөнгөнөөс суутган шилжүүлсэн дүнгээс санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.

4.10. Тариалангийн тухай хуулийн 19.2-т заасны дагуу Засгийн газраас  тогтоосон мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн хэмжээг үндэслэн мөнгөн бус дэмжлэгийн хэлбэр, хөнгөлөлттэй зээлийг олгох хэлбэр, нөхцөл, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэж, хэрэгжүүлнэ.

4.11.Журмын 4.10-д заасан шийдвэрийн дагуу  мөнгөн бус дэмжлэгт  хамрагдах тариалан эрхлэгчтэй Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн өмчийн хуулийн этгээд мөнгөн бус дэмжлэг олгох, эргэн төлүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулна.

4.12.Тариалан эрхлэгч нь авсан мөнгөн бус дэмжлэгийн чанар, ашиглалт, баталгааны хугацааны талаарх хүсэлт, гомдол, саналаа тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

 4.13. Мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулийн 69-д заасны дагуу хяналт тавина.

Тав. Бусад

5.1.Холбогдох мэдээлэл буруу, бүртгэл дутуу байдлаас шалтгаалан тариалан эрхлэгчээс урамшуулалд хамрагдах хүсэлт ирүүлээгүйгээс урамшуулал олгогдоогүй тохиолдолд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцлага хүлээхгүй.

5.2.Цахим гарал үүслийн гэрчилгээ, татварын цахим төлбөрийн баримтыг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуурамчаар үйлдэж олгосон төрийн албан хаагч, тариалан эрхлэгчид холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг нөхөн төлүүлнэ.