“ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2023” ТЭМЭЭНИЙ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2023.03.03/ Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Тэмээчдийн холбоотой хамтран Ноён Хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмыг угтан “ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2023” тэмээний наадмыг зохион байгууллаа.

Дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах, тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн спортыг хөгжүүлэх, малчдаа алдаршуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, говийн бахархалт тэмээг алдаршуулах зорилготой юм.

Тус наадмыг аймгийн Засаг дарга О.Батжаргал нээж, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэллээ. Уг тэмээний наадамд 3 насны хурдан тэмээний уралдаан, тэмээний поло тэмцээн, сайхан тэмээтэй хосын төрөл, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, шилмэл буур, ингэ шалгарууллаа.

Мөн аймгийн хэмжээнд 2010 онд 28,1 мянган тэмээ тоологдож байсан бол 2022 оны жилийн эцсийн тооллогоор 52,6 мянган тэмээ тоолуулсан бөгөөд Мандах, Хатанбулаг, Хөвсгөл зэрэг сумдууд тэргүүлжээ.