Сүүний ариун цэвэр, Эрүүл ахуйн тухай

     Малчин бол үйлдвэрлэгч бөгөөд зах зээлд эрүүл аюулгүй мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх нь зүйтэй. Сүүний хувьд олон төрлийн бичил биетэн үржихэд маш тохиромжтой байдаг тул сүүний ариун цэвэрт анхаарах шаардлага гардаг. Сүүнд үржих зарим төрлийн бичил биетүүд нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг бол зарим нь хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулдаг.
Сүү нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд үүнд: халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, арга хэмжээнд хамрагдсан бол тухайн малын сүүг 7 хоногийн дотор ашиглахыг хориглоно. Мөн дэлэнгийн үрэвсэл болон сүрьеэ, бруцеллёз зэрэг хүнд дамжин халдварлаж болох өвчнөөр өвчилсөн эсвэл эдгээр өвчлөлүүдийн голомттой бүс нутгаас сүүг зөвхөн эрүүл ахуй, халдвар судлалын алба, мал эмнэлгийн зөвшөөрөлтэй нөхцөлд борлуулах нь зүйтэй.