ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН ТАМГАА ГАРДАЖ, ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

     Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Шинэ сайд Х.Болорчулуун “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал бол надад шинэ салбар биш. Хөдөө аж ахуйн салбар бол үнэхээр том салбар, Монгол Улсын ДНБ-ний 25 орчим хувийг эзэлдэг мөртлөө Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 50  гаруй хувийг ажлын байраар хангадаг гол салбар юм. З.Мэндсайхан сайд бид хоёр олон ажил дээр хамтарч, гар сэтгэл нийлж сайхан ажилласан. Таны энэ салбарт хийж хэрэгжүүлж, залуу хүний эрч хүч, зориг мэдлэгээр эхлүүлэн, санаачлан хэрэгжүүлж байгаа олон ажлыг цааш нь үргэлжлүүлэн авч явна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдын тамгаа хүлээн авмагц салбарын газар, хэлтсийн дарга нартай уулзаж, нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхой болгож, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонслоо.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх, “Эрүүл монгол хүнс”-ээр иргэдээ хангах, “Атрын IV аян”-ыг зохион байгуулах, “Дарханы арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Хүнс экспортлогч орон” болох зэрэг хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр зорьсон Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцон, ажлын үүрэг, чиглэл өглөө.

Мөн эх орондоо үйлдвэрлэж болох бүхнийг дотоодоосоо хангах нь яамны нэн тэргүүний зорилт болох ёстойг онцоллоо. ХАА-д тулгуурласан хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд импортын татвараар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барьж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Х.Болорчулуун сайдын ажилласан байдал, намтрын тухайд:

-1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
-58 настай
-Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
БОЛОВСРОЛ:

-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

-1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,
–       1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,
–       1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал,
–       1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал,
–       2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
–       2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам