“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”, “ШИЛМЭЛ МАЛ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2022 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг тасралтгүй 19 дэх жилдээ “Шилмэл мал”-ын үзэсгэлэнтэй хамтатган амжилттай зохион байгуулж байна. Мөн иргэд, хөдөлмөрчдөд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дороос хүргэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор зарим байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хамтатган зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд 14 сумын 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн 16 байгууллага, үүрэн холбооны 2, банк, санхүүгийн 3 байгууллага тус тус оролцож бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ сурталчлан хүргэж байна.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн шилдэг бараа, бүтээгдэхүүн, тариаланчдынхаа шинэ ургацын дээжийг хэрэглэгч олонд шууд хүргэх боломжийг олгодог энэхүү арга хэмжээнд оролцогчдын тоо, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, хүртээмж жилээс жилд нэмэгдэж иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн томоохон арга хэмжээний нэг болтлоо өргөжжээ.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд бэлчээрийн даацаас шалтгаалан малын тоог чанарт шилжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ чиглэлд анхаарах болсон. Манай аймгийн хувьд мал сүргийнхээ таваарлаг чанарыг сайжруулах, өндөр ашиг шимт малын тоо толгойг өсгөж малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Өнөөдрийн арга хэмжээнд 10 сумын 50 гаруй малчин 98 толгой өндөр ашиг шимт малтай оролцож байна.