АЙМГИЙН МАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

нөөдөр /2023.03.02/ Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Үйлдвэрлэгч-Ажил олгогч малчин” сэдвийн дор зохион байгуулж буй малчдын зөвлөгөөнд 14 сумын 350 гаруй малчдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд үүнээс 30 гаруй хувь нь эмэгтэй малчдын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг даргa О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, сум, агентлагын удирдлагууд, албан байгууллага, малчид оролцлоо.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга О.Батжаргал нээж, хэлсэн үгэндээ: “Малчид та бүхний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүнд 2022 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо нийт 2909.7 мянган толгой болж, өмнөх оноос 7,5 хувиар мал сүрэг таван төрөлд өслөө. Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2" үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, орон нутгийн бодлогод хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого ихээхэн чухал байр суурийг эзэлдэг бөгөөд мал аж ахуйн салбарын 2030 он хүртэлх хөгжлийн хандлага нь бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгож үнэ цэнийн сүлжээг хөгжүүлсэн, тогтвортой үйлдвэрлэлийг явуулахад бодлого чиглэгдэнэ. Иймд хот, суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх буюу хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн өртгийн сүлжээг бий болгож, хоршоодыг байгуулан хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мах судлалын лабораторийн эрхлэгч Д.Бямбасайхан “Мал аж ахуйн үйлдвэрлэл, түүний эдийн засгийн тооцоолол”, Монголын Үйлдвэрлэл Технологийн Паркуудын холбооны төлөөлөл, судалгаа хөгжил хариуцсан захирал Б.Артагбат “Хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн өртгийн сүлжээ”, “Солид партнерс групп” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюуш “Монгол тэмээ-Дорноговь” төслийн танилцуулга, малчдын оролцоо, НҮБ-ын ХХААБ-ын төслийн зохицуулагч Б.Энхтөр “Малын эмийн зохистой хэрэглээ, анхаарах асуудал”, “Модель ферм” ХХК-ийн тосны үйлдвэрийн захирал Т.Баатар “Хоёрдогч түүхий эд болох малын гаралтай өөх тосыг орчин үеийн технологиор цэвэршүүлж, хүнс, гоо сайхны хэрэгцээнд ашиглах нь”, “Дэлхийн зөн Монголд” ОУБ-ын “Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг” төслийн удирдагч Н.Оюунтуяа “Малын тэжээлийн ургамал тариалсан туршлагаас”, “Бийт Монгол” ХХК-ийн захирал О.Даваасүрэн “Замын-Үүд суманд байрлах “Мал эрүүлжүүлэн тусгаарлах, хорио цээрийн бүс”-ийн үйл ажиллагаа, давуу тал, боломжууд”, Өвөрхангай аймгийн “Өв эко мийт” ХХК -ийн захирал О.Гансүх “Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэр, малчдын оролцоо хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийсэн.