Зээл

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тухайлбал:
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,
Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг,
Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгохоор болсон.
Энэхүү ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл"-ийн талаарх мэдээллийг хүргэж байна.